Нийслэлийн Баянзүрх дүүргийн долоодугаар хороо, 11-р хорооллын байрны дунд байрлах “Дэлгэр төв”-ийн “Эко шинэс” эмийн сангийн үүдэнд 9 настай хүү харамсалтайгаар амиа алдсан бөгөөд үртэй хүн бүхэн түүний өмнөөс эмгэнэн гашуудаж байна.
Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлжээ. Цагдаа газар хүүгийн үхлийн шалтгааныг тодруулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн эсэхийг тогтоохоор Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон байна.
Өнөөдрийн байдлаар уг хэргийн эцсийн дүгнэлт ч гараагүй ч урьдчилсан байдлаар р аж ахуй нэгж дотоод болон гадаад орчин дахь хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаагүй байсан нь тогтоогджээ.
Аюулгүй ажиллагааг хангаагүй, хариуцлага алдсан тус эмийн санг түрээслэгч болон түрээслүүлэгчид ямар хариулага тооцох вэ гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.
“ДЭЛГЭР ТӨВ” БУРУУТАЙ ЮУ?
Мэдээж, буруутай. Тэд гаднах хаалганд цахилгаан цэнэг үүссэн байсныг мэдсэн ч цаг тухайд нь янзлуулаагүйгээс 9 настай хүү амиа алдсан. Цагдаагийнхан “Эрүүгийн хуулийн 10.6-р зүйл ангиар хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Хариуцлага хүлээлгэх асуудлын тухайд прокурор бүрдүүлсэн нотлох баримтдаа үндэслэн хэргийг зүйлчилнэ. Эмийн сангийн түрээслэгчийн буруу юу, түрээслүүлэгчийн хариуцлагын асуудал уу гэдэг нь шалгалтын явцад тодорхой болно. Энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг зөвхөн прокурорын зөвшөөрлийн дагуу өгнө” гэв
Эрүүгийн хуулийн 10.6-д зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” хэсэгт:
1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
ХҮҮГИЙН АР ГЭРИЙНХЭН ӨМГӨӨЛӨГЧИД ХАНДЖЭЭ
Хүүгийн ээж Ч.Мөнхсайхан хэдхэн хоногийн өмнө “Энэ харамсалтай явдал зөвхөн манай гэр бүл, миний бяцхан үрээр төгсгөл болоосой” хэмээн нулимсаа дуслуулан ярьж байсан. Бид түүнтэй эргэн холбогдоход “Өчигдөр өглөө манайд эмийн сангийн туслах ажилтан бололтой хоёр хүн ирээд нөхөртэй маань уулзаад эмгэнэл илэрхийлээд явсан. Өнөөдөр эгч нь хүүгээ эцийн замд нь үдэж өгөөд сэтгэл санаа үймрээд, орон гаран байна. Хүүгийн минь задлан шинжилгээний хариу 21-30 хоногийн дотор гарна гэсэн. Баяр наадам гээд энэ хэргийг дарчих болов уу гэж хардаж сууна. Тиймээс өчигдөр өмгөөлөгч авлаа. Эгчид нь маш хүнд байна. Үнэнийг хэлэхэд амьд явах ч хүсэл алга’ гэв.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААС ШИНЖЭЭЧ ТОМИЛООГҮЙ БАЙНА
Хэрэв тухайн аж ахуй нэгж, эмийн сангийнхан стандартаа барьж ажилласан бол аав ээжийн амин хайртай үр эндэхгүй байх байлаа. Үүнийг шалгаж, стандарт журмыг нь мөрдүүлдэг байгууллага бол мэргэжлийн хяналтынхан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэргийн талаар тодруулахад “Есөн настай хүүгийн золгүй хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас манайхаас яриа өгөх боломжгүй. Шинжээч одоогоор томилогдоогүй байна” гэв.