Хоёр хоногийн өмнө төв номын сангийн урд урсгал сөрж орж ирсэн жолоочид шаардлага тавьж очсон замын цагдааг доромжилж биед нь халдсан хэргийг Сүхбаатар дүүргийн ЗЦХ-ээс шалгаж хариуцлага тооцжээ.
Тодруулбал, жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл “3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцжээ.
Мөн төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухайн жолоочийн хүүхэд зам тээврийн осолд орсны улмаас дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсон гэсэн нь худал мэдээлэл болохыг мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас тухайн зөрчилд шалгалтын ажиллагааг явуулахдаа иргэн Б-с тайлбар, мэдүүлгийг хууль тогтоомжийн дагуу авч, шалтгаан нөхцлийг тогтоосон гэнэ.