Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Зайсангийн гүүрний ойролцоо Туул голын усанд 10 настай Э охин живсэн тухай дуудлага өчигдөр иржээ.
Дуудлагыг зургадугаар сарын 26-ны өдрийн 15.28 цагт хүлээн авч Ниийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай бүрэлдэхүүн 15.30 цагаас эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн гүүрнээс тус дүүргийн 11 дүгээр хорооны Сонсголонгийн гүүр хүртэл 8 км-т 10 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21.00 цагт түр зогсоосон байна.
Харин өнөөдрийн өглөө 06.00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд Яармагийн гүүр орчмоос 09.00 цагт цогцсыг нь олжээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
Иргэд гол усны ойр орчимд зугаалахдаа гэр бүл, найз нөхдийнхөө аюулгүй байдалд анхаарахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн хүүхдийг харж хандах насанд хүрсэн хүнгүй, хараа хяналтгүйгээр гол ус руу явуулахгүй байхыг анхааруулсаар байна.