Нийслэлийн Тээврийн газраас гаргасан удирдамжийн дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 19-ний өдөр эхэлжээ. Энэхүү хамтарсан хяналт, шалгалтын ажил энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах юм байна.
Өнгөрөгч оны гуравдугаар сараас Нийслэлчүүд автобусанд бэлэн мөнгө төлөхөө болж, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ зөвхөн цахим карт ашигладаг болсон. Гэвч зарим иргэд автобусны жолоочийн халаас руу 500 төгрөгөө “чихчихээд” бэлэн мөнгөөр зорчих тохиолдол гарсаар л байсан. Мөн хүүхдийн картаар том хүн зорчих, хөнгөлөлттэй болон ахмад настны картаар залуучууд зорчих явдал ч байв. Энэ мэт зөрчлийг таслан зогсоохоор Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагчид, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн мэргэжилтнүүд, “ Ситибаз консалтинг” ХХК болон Зорчигч тээврийн нэгтгэлийн хяналтын ажилчид, шалгагч нар “Автобус нэгдэл” ХХК-ийн Ч:З чиглэл ,“Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ч:2 чиглэл, “Блюбус” ХХК-ийн Ч:40, “Эрдэм транс” ХХК-ийн Ч:6 чиглэл, “Эрдэм транс” ХХК-ийн ХО:5 чиглэл, “ГБус” ХХК-ийн Ч:45 гэсэн чиглэлүүд хяналт шалгалтыг хийж эхэлжээ. Гэхдээ шалгалтыг цэвэр шалгагч нарын мэдрэмжинд тулгуурлан явуулж байгаа нь “болхи”, цаашлаад иргэн, шалгагч хоёрын дунд маргаан дэгдэх үндэс болж байна.
Өглөө /2018.06.26/ “Улаанчулуут-21 дүгээр хороолол-МУБИС” чиглэлийн автобусанд орж ирсэн охин “Хүүхдийн карт” уншууллаа. Гэтэл шалгагч эмэгтэй картыг нь хурааж аваад “Чи хүүхэд гэдгээ нотло” гэх юм. Охин ч хариуд нь сургууль амарчихсан болохоор биедээ сурагчийн үнэмлэх зэрэг бичиг баримтгүй яваагаа тайлбарлахад “Чи харваас хүүхэд биш. Би хүүхэд биш гэдгийг чинь мэдэж байна. Надад мэдрэмж бий” гэх юм.
Шалгагч, охин хоёрын маргаан дундуур дараагийн буудлаас суусан өндөр настан орж “Энэ охин чамд шалгуулах гээд л бичиг баримтаа биедээ авч явах хэрэг үү. Эцэг, эх нь хаячих нь гээчих нь гээд өгч явуулахгүй. Тэгээд 16 хүрч иргэний үнэмлэхээ аваагүй хүүхэд чамд л шалгуулах гээд томоос том төрсний гэрчилгээгээ өвөртлөөд явж байх уу” хэмээн дуу нэмэв. Өвөөгийн хэлсэн үгийг “Ёстой доо” хэмээн зарим нь дэмжиж байв. Хариуд нь шалгагч дахиад л “Надад мэдрэмж гэж нэг юм байна. Би хүүхэд биш гэдгийг нь мэдээд байна” гэх хариултыг хэлэх аж.
Шалгагч, охин, өвөө гурвын маргааныг сонсоод “Мэдрэмжтэй кондукторуудыг шүтье” гэх адгуу бодол төрж зогслоо. Охин хэдий нь насанд хүрсэн ч хүүхдийн картаар “туулайчилж” явсныг үгүйсгэх аргагүй. Гэвч нөгөө талдаа үнэхээр арван жилийн сурагч ч байж болох. Тийм байтал охиныг “Чи сурагч биш” хэмээн гүтгэж, шалгагчийн зөн совин, мэдрэмж энэ удаад алдсан байвал яах вэ.
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалтын эхний өдөр буюу өчигдрийн байдлаар бэлэн мөнгөөр зорчих 2211, хөлс төлөөгүй 417, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 407, өндөр настны картын зөрчил 16, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 15, оюутны 3, хүүхдийн 198 зөрчил тус тус илэрсэн аж.
Энэхүү зөрчлүүдийг ч мөн кондукторууд “торгон” мэдрэмжээрээ илрүүлсэн байх даа.