Монгол Улсын хүн амын 3/1 нь нийслэлдээ төвлөрч, Улаанбаатарчуудын ажлын өглөө түгжрэлээс эхэлдэг. Өнөөдөр Улаанбаатар хотод хүн нь ч, автомашин нь ч бөөгнөрч, түгжрэлд тодорхой цагийг зарцуулсаар байна. Замын зохицуулагчийн тас хийсэн шүгэлийн дуу, автомашинуудын сигнал, түгжрэлд гэрлэн дохиог үл харгалзан автомашинуудыг сүлжин зам хөндлөн гарах зоригчид гээд энэ дүр зураг нийслэлчүүдийн амьдралын хэвшил болчихсон.
Түгжрэлийг бууруулахаар замаа өргөтгөж, уулзваруудын тоог нэмээд ч тусыг эс олж байгаа. Эдүгээ автозамыг өргөтгөснөөр явган зорчигч явах замгүй, зарим газар барилга, автозам хоёр тулчихсан байгаа.
Тоон баримт дурдахад өнөөдөр Улаанбаатар хотын авто замын ерөнхий сүлжээ нь 349,000 хүн амтай, 10,044 автомашинтай буюу хүн амын ердөө 2.9 хувь нь автомашинтай байхаар 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан. Тухайн үед хотын хүн амын даац дээд тал нь 400,000 –500,000 байхаар тооцоолсон байдаг. Өнгөрсөн оны мэдээллээр нийслэлийн хэмжээнд 458 262 автомашинтай, сар бүр энэ тоо нэмэгдсээр байгаа билээ.
Нийслэлийн зүгээс түгжрэлийг бууруулах зорилгоор ажлын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалтыг хийж эхлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа. Мэдээж, энэ нь түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээний нэмэр болсоор ирсэн. Түгжрэлийг бууруулахын тулд Улаанбаатар хотод төв зам дагуу газар доогуур метро тавъя, давхар замтай болъё гээд олон олон санал, санаачлага гардаг. Уг нь, түгжрэлийг бууруулах зорилгоор төмөр замын автобус болох “Railbus”-ийг нийтийн тээвэрт зориулж нэвтрүүлсэн. Монголын төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг өөрсдийн хөрөнгөөр 3.5 км хос төмөр зам тавьсан билээ. Энэхүү хос замаар төмөр замын автобус болох “Railbus” иргэдэд үйлчилэх юм. Амгалан-Толгойт, Толгойт-Амгалангийн чиглэлд явах уг төмөр замын тээврээр нийслэлчүүд тэр бүр үйлчлүүлээгүй. Нэг өртөөнөөс нөгөө өртөөний хооронд 3500, замын дунд буухаар бол 500 төгрөгийн төлбөртэй. Тиймээс нэгд үнэ ханш өндөр, нөгөө талаас төв зам дагуу бус байснаас зорчигчид суухгүй, алдагдалд хүрэхэд тулсан зориулалтыг “Дархан-Улаанбаатар”-ын чиглэлд явуулж байгаа билээ.
Өнөөдрийн нийслэлийн удирдлагууд түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахаар бодлого шийдвэрээ боловсруулсаар байгаа юм билээ. Ямартай ч Засгийн газар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармагт нүүлгэн, шилжүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр нийслэлийн төр, захиргааны 33 агентлаг, 3500 албан хаагчид Яармаг руу ажилдаа явснаар хотын төвийн түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байна лээ.
Мөн Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Уг хуулийн төсөлд нийслэлийн дагуул хот, дэд бүсүүдийг байгуулах асуудлыг тусгасан. Ингэхдээ нийслэлийн дагуул хот, дэд бүсүүдэд аж ахуйн үйл ажиллагаа явуулбал татварын хөнгөлөлт үзүүлэхээр хэлэлцэж байгаа. Энэ нь мөн түгжрэл, төвлөрлийг сааруулж, нийслэлийг тэлэх бодлого аж. Цаашлаад Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байгаа ч өнөөдөр үр дүн нь олон нийтэд мэдрэгдээгүй л байна. Ер нь түгжрэлийг бууруулахаас төвлөрлийг сааруулах ажлаа эхлүүлмээр байна. Төр, засгаас баталсан гоё гоё нэртэй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн ер нь хэзээ мэдрэгдэх вэ?