Катарын эрх баригчид өчигдрөөс эхлэн Арабын олон орны импортын бараа бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон шийдвэр гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Катарын Эдийн засгийн сайд дээрх тушаалыг гаргаж, баталсан байна.
Тус улс эхний ээлжинд Саудын Араб, Эмират, Бахрейн, Египет улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглож, дэлгүүр болон худалдааны төвөөс эргүүлэн татаж эхэлжээ.
Сайдын шийдвэр хэрэгжиж буйг шалгах тусгай комисс ажиллаж эхэлсэн бөгөөд тушаал биелүүлээгүй дэлгүүр болон худалдааны төвийн удирдлагуудад хатуу шийтгэл ноогдуулахаа яамны албан ёсны цахим сайтад дурьдсан байна.
Катар ийнхүү импортын бараа бүтээгдэхүүнд хориг тавьсан шалтгаанаа “Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд” хэмээн тайлбарлажээ.
Катарын эрх баригчид хоригт багтаад буй дээрх орнуудтай таарамжгүй харилцаатай байдаг бөгөөд өмнө нь эдгээр улсууд Катарыг террорист бүлэглэлүүдийг алсаас санхүүжүүлж, Ирантай ойрын холбоотой хэмээн бойкот хийж байв.