Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн байдал, шалгалтын явц хэрхэн явагдаж буй талаар өнөөдөр мэдээлэл хийж, иргэдэд сэрэмжлүүлэг өглөө. Нийт гэмт хэргийн 40-өөд хувийг хулгайлах гэмт хэрэг, тэр дундаа автомашин хулгайлах гэмт хэрэг байгааг цагдаагийн байгууллага илрүүлж, шуурхай ажиллаж буйгаа мэдэгдлээ.2018 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 7,975 гэмт хэрэг бүртгэгдсэний 3,293 нь буюу 41.2 хувь нь хулгайлах гэмт хэрэг байна
НЦГ-ын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Амгалан-Энх мэдээлэлдээ “2018 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 7,975 гэмт хэрэг бүртгэгдсэний 3,293 нь буюу 41.2 хувь нь хулгайлах гэмт хэрэг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 дахин өссөн. Хулгайн гэмт хэргийн 2,688 буюу 81.6 хувийг бусдын өмчийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх талаах цагдаагийн байгууллагаас хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. Үүний нэг нь оны эхнээс эхэлсэн “Сэрэмжлэе, нэгдье” аян юм. Тус аяны хүрээнд цагдаагийн байгууллагын ажилтнууд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, хэрхэн сэрэмжлэх талаар иргэд, ААН-үүдэд мэдээлэл түгээсэн. Иргэд санаачлагатай оролцож байгааг онцолъё.
Хулгайч нар хулгайлсан эд, зүйлээ томоохон зах, худалдааны төвүүдэд борлуулдаг тул захын эздүүдэд хулгайн эд зүйл авахгүй байх талаар санал, сэрэмжлүүлэг өгч, хамтран ажиллаж байна.
Автомашины эд анги хулгайлах, бүтнээр нь хулгайлах гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгдсэн. Ажлын хэсэг гарч ажилласны үр дүнд аккумлятор хулгайлдаг, машин хулгайлдаг бүлэг этгээдийг мөрдөн шалгаж, баривчилсан. Дамжуулан борлуулдаг цэгүүдэд шалгалт хийж, зөрчилтэй нь тогтоогдсон 38 цэгийг хаасан. Мөн хулгайн эд зүйлс худалдаж авахгүй байхыг сэрэмжлүүлье” гэв