Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас энэ оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан “Үйлчилгээний чанарыг сайжруулахад тээвэр зохицуулагчийн үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг тус газрын 179 тээвэр зохицуулагчдыг хамруулан зохион байгууллаа.
Тээвэр зохицуулагч нь ачаа болон зорчигч тээврийн үйлчилгээг аюулгүй, ая тухтай, шуурхай хүргэх үйлчилгээг зохицуулж, зохион байгуулах үүрэг бүхий албан тушаалтан бөгөөд автотээврийн салбарыг төлөөлөх, тэргүүн фронтод үүрэг гүйцэтгэдэг хүмүүс. Тэгвэл энэхүү хоёр өдрийн сургалтаар Автотээврийн салбарын хууль, эрх зүй, ажлын байр, түүний оролцоо, тээврийн хэрэгслийн хяналтын нэгдсэн систем, түүний хэрэглээ, улс хот болон ачаа тээврийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдлэг мэдээллийг олгож буй юм.
Тус арга хэмжээг нээж тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран “Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаа тээвэр зохицуулалтын үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Тиймээс тээвэр зохицуулагчид ямар арга технологиор, ямар эрх зүйн баримт бичгийг баримталж, хэрхэн оновчтой зөв ажиллах талаар ойлгуулах, дадлагажуулж сургах шаардлага тулгарч байна. Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг хэлэлцүүлгийн шатанд явж байна. Мөн Засгийн газрын тогтоол, ЗТХ-ийн Сайдын тушаал, Захиргааны хэм хэмжээний актууд , нийтлэгээр дагаж мөрдөх дүрэм журмууд, норм норматив стандартуудын талаар мэдлэг, мэдээлэл олж авч цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Зам, тээврийн хөгжлийн яам энэ оныг “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах жил”, манай байгууллага “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбоотойгоор эдгээр үйл ажиллагааг цогцоор нь хийж хэрэгжүүлж, мөрдлөг болгох шаардлага тулгарч байна” гэлээ.
Энэхүү сургалтаар Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль түүний хэрэгжилт сэдвээр ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд илтгэл тавьлаа.
Автотээврийн салбарт нийт 120 мянга гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд нийт 900 мянга гаруй тээврийн хэрэгсэл байгааг тэрээр илтгэлдээ дурдав. Өнгөрсөн жилийн байдлаар бүх төрлийн тээврийн 57,8 хувийг ачаа тээвэр, зорчигч тээврийн 98,8 хувийг автотээврээр тээвэрлэсэн нь салбартаа хамгийн өргөн ажил үйлчилгээг гүйцэтгэж байгаа салбар гэдгийг илтгэж байгаа гэдгийг мөн онцлов. ЗТХЯ болон АТҮТ хамтран олон улсын тээвэр зохицуулах арга хэмжээг хэрэгжүүлж, одоогийн байдлаар Монгол Улс 9 улсын Засгийн газрын хэлэлцээртэй бөгөөд 2 хөрштэй идэвхитэй хамтран ажиллаж байгаа талаар танилцууллаа. Тэрээр “Автотээврийн салбарт Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2020-той нийцүүлж Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гарсан. Үүнд аль салбарт ямар бодлого баримтлах талаар тусгаж өгсөн байдаг. Үүнд Зам, тээврийн салбарт эдийн засгийн өсөлтийг хангах, зам, тээвэр логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй ая тухтай тээврийни үйлчилгээг хөгжүүлнэ гэсэн гол зорилтууд бий” хэмээн энэ үеэр хэллээ.
Цаашид дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх хүрээнд Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөрийн Азийн авто замаар дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх хэлэлцээрийн дагуу AH-3, AH-4 гэсэн 2 коридороор явахаар баталгаажсан тул энэхүү тээвэрлэлт ирэх намраас хийгдэнэ гэдгийг тэрээр дуулгав. Энэхүү дамжин өнгөрөх тээврийг цаашид Европын холбооны улсын эдийн засгийн коридоруудтай холбох, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын коридоруудтай холбон өргөжүүлэх шаардлагатай. Хаана ачаа, хаана зорчигч байна энэ зах зээлийг өргөжүүлэх нь автотээврийн салбарын гол үүрэг гэдгийн мөн онцоллоо.