“Өнөөдөр” сонины өнөөдрийн /2018.04.26/ дугаарт “Ц.Нямдорж сайдын даалгавраар сэтгүүлчдийг тагнасан гэв үү” гэх гарчигтай нийтлэл бичигджээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийсэн. Тэгвэл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийж, салбараа төлөөлөн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг тагнаж чагнасан гэх мэдээлэл сошиалаар явж эхэлсэн. Бид анхааралтай ажиглаж байлаа. Энэ талаар мэдээлэл өдөр тутмын сонинд гарсан. Мөн прокурорын байгууллагаас мэдээлэл хийлээ. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийсэн байна. Сэтгүүлчийн асуудал, эрх ашиг яригдаж буй учраас МНСЭ-ийн зүгээс ч албан ёсоор тайлбар хийхийг хүслээ. “ТВ9” телевизийн сэтгүүлч Хүслэнбаатар болон түүний хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг найз нөхөд гэр бүлийнхэн гээд 30 гаруй хүнийг тагнаж, чагнасан гэсэн мэдээлэл явж байна. Бид “ТВ9” телевизийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Баасансүрэн гуайтай холбогдоход “Манайд Хүслэнбаатар гэдэг нэртэй сэтгүүлч байхгүй” гэдэг мэдээллийг өгсөн. Мөн тагнуулж, чагнуулсан гэх өөр сэтгүүлчидтэй холбогдоход “Бидэнд мэдээлэл байхгүй байна” гэдэг хариултыг өгсөн. Тиймээс хуулийн байгууллагууд руу албан ёсны лавлагаа хүсч бичиг явуулсан. Мөн маргааш “ТВ9” телевизийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийнэ” гэв.
Телевизийн сэтгүүлчийг яллагдагчаар татсан мэдээлэл байна. Мөн Зөрчлийн тухай хуулиар 49 сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнуудад 98 сая төгрөгийн торгууль ногдуулсан гэсэн мэдээлэл бий. Хэрэв сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой дарамт шахалт үзүүлбэл МСНЭ хамгаалж ажиллах үүрэгтэй. Иймд МНСЭ албан ёсны хуульч, өмгөөлөгчтэй болсон тул дарамт, шахалт үзүүлсэн асуудал гарвал хандахыг хүсэв.
Мөн ирэх тавдугаар сарын 3-ны 15.00 цагт Нийслэлийн иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг хийх тул сэтгүүлчдийг идэвхитэй оролцож, санал бодлоо хуваалцахыг уриалав.