Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тушаалаар цагдаа нар сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх мэдээлэл тарж, прокурорын байгууллагаас баталлаа. Тус хэргийг Тагнуулын байгууллагаас шалгаж, цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг ирүүлээд буйг прокурорын байгууллагаас мэдээлэв.
Харин эл асуудлыг Ц.Нямдорж сайд эрс үгүйсгэлээ. Тэрбээр сэтгүүлчдийг тагнаж чагнах үүрэг өгөөгүй гэдгээ хэлж, энэ мэдээллийг цэвэр гүтгэлэг гэв. Мөн тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг гаргаж тавьснаас хойш өөрийг нь гүтгэх явдал хэрээс хэтэрснийг хэлээд айлган сүрдүүлэх, дарамтлах улс төрийн зорилготой ажиллагаа хэмээн тайлбарлалаа.