Багануурын дулааны цахилгаан станцтай холбоотой асуудлаар иргэний нийгмийн хөдөлгөөнүүд хамтран мэдээлэл хийлээ.
-ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙГ
ЗОГСООХ БҮРЭН БОЛОМЖТОЙ-
Нэгдсэн Монгол хөдөлгөөнийн тэргүүн Ч.Мөнхбаяр “700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих концессын гэрээг 2015 онд БНХАУ-ын “Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо”, “Пинггао” группийн консорциумтай байгуулсан юм. “Монгол Улсад гадаадын улс орон цахилгаан станц байгуулж өндөр үнээр цахилгаан станц шахах гэж байна. 25 жилийн хугацаатай концессын гэрээ гэж байгаа боловч цаашаа сунгагдах нөхцөлтэй. Энэхүү цахилгаан станц нь манай дотоодын эрчим хүчний системд ноёлоно гэж яриад байгаа юм. Ноёлох биш бүр дотоодын эрчим хүчний системийг байхгүй болгох гэрээ.
Энэ асуудлыг иргэний хөдөлгөөний бид хоёр сарын турш ярилаа. Гэтэл төрийн түшээд чихгүй толгой мэт байгаад гайхаж байна. Уг нь энэ асуудлыг биднээс илүү мэдэж байх учиртай. Тиймээс Төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишүүдэд бүгдэд нь энэ асуудлыг танилцуулж, шаардлага тавьсан захидлыг хүргүүлж байна. Энэхүү захидалдаа “Багануурын цахилгаан станцын гэрээг цуцлахад хамтран ажиллаач, Оюутолгойн гэрээг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсэг шиг ажлын хэсэг байгуулаач” гэсэн байгаа. Цаашдаа захиргааны хэргийн шүүхэд хандах, АТГ, ҮАБЗ-д өгсөн өргөдлийнхөө араас явах гэх мэтээр тал бүрээр тэмцэх болно” гэв.
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Уг 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг гадны аж ахуйн нэгжээр бариулахгүйгээр дотоодын компаниудаараа хийлгэх боломжтой юу?
-Эрчим хүчний бүтээн байгуулалтыг сонирхсон дотоодын аж ахуйн нэгж олон байдаг. Энэ гэрээг байгуулахаас эдгээр аж ахуйн нэгжүүд эрчим хүчний 64 төслийг Засгийн газарт танилцуулаад байсан. Гэтэл үүнийг шууд үгүй хийсэн. Гэрээний нийт өртөг нь 1.2 тэрбум ам.доллар. 700 сая ам.долларын өртөгтэй байсныг яагаад 1.2 тэрбум болгосныг ойлгохгүй байгаа. Гэрээндээ нэг кВт цахилгааныг таван центээр манай талд нийлүүлэхээр заасан байсныг Эрчим хүчний зохицуулах хороо эцсийн байдлаар тогтоохдоо долоон цент болгосон. Өнөөдөр бүр есөн цент болсон шүү гэдгийг эрчим хүчний салбарынхан хэлж байгаа. Товчхондоо боолын гэрээ болсон. Манайх дотооддоо таван тэрбум кВт цахилгаан үйлдвэрлэж байгаа. Үүнтэй бараг ижил буюу 4.8 кВт цахилгаан үйлдвэрлэнэ. Үүнийгээ гэрээний дагуу тогтвортой байдлаар байнгын өндөр үнээр нийлүүлнэ. Ингэхнээр дотоодын цахилгаан станцууд хаалгаа барихад хүрнэ.
-Станц барих ажил нь эхэлсэн юм уу?
-895 ажилчин цахилгаан станц барихаар ажиллана гэсэн Засгийн газрын тогтоол байдаг. Одоо тэр газар ажилчдад зориулсан юм уу гэхээр кемп баригдсан байгаа. Мөн орон сууцны зориулалттай барилгуудыг болгосон байна лээ. Станц ашиглалтад орсноор 2500 хүн ажиллана гэж “Багануур повер” компанийн төлөөлөгч хэлсэн. Мөн эхний ээлжний 200 МВт-ын хүчин чадалтай эхний блокийг ирэх намар ашиглалтад оруулахаар ажилана гэж мэдэгдсэн.
-Уг төслийг зогсоох боломжтой юу
-Боломжтой. ҮАБ-ын үзэл баримтлал, Эрчим хүчний тухай хуулийг зөрчсөн учраас цуцлах бүрэн боломжтой. Жишээ нь, зөвхөн сэргээгдэх эрчим хүчинд л дэмжигдэх тариф олгогдох ёстой. Гэтэл сэргээгдэхгүй эрчим хүч хэрнээ дэмжигдэх тариф авчихсан байгаа. Манай дөрөвдүгээр цахилгаан станц нэг кВт цахилгааныг 40 төгрөгөөр нийлүүлдэг гэсэн баримт бий. Гэтэл энэ цахилгаан станц есөн цент буюу 225 төгрөгөөр нийлүүлэхээр байна. Долоон центээр тооцвол 169 төгрөг гэсэн үг. Тиймээс гэрээгээ цуцлах бүрэн боломжтой. Ингэснээр манай улс ямар нэгэн төлбөрт унахгүй.