Монголчууд аливаа зүйлд итгэмтгий болохыг могойн зурган дор “Аз аз, бурзай бурзай” гэж бичсэн сэтгэгдлээс харж болно. Итгэмтгий байх муу биш л дээ. Гэхдээ Монголчуудын энэ занд “тоглолт” хийж, ашиг олохоор олон улсын сүлжээний бизнес эрхлэгчид манай Улсыг овоо хараандаа “онилох” боллоо.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр жил хүрэхгүй хугацаанд манай Улсын 35 мянган иргэн олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй гэмт хэргийн хохирогч болж, 56.5 тэрбум төгрөгөөрөө хохирчихоод байна. Манай Улсад “Оriflame”, “Herbalife”, “J time”, “Alivemax”, “Stamford” зэрэг компани олон улсын сүлжээний бизнесийн үйл ажиллагаагаа нэвтрүүлээд байна.
Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нь Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулсан. Уг компаниар дамжуулан Монгол Улсад олон шатлалт пирамид хэлбэрээр бизнес явуулж, олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Улмаар М.Маратыг 2017 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хил гарах гэж байхад нь баривчлан саатуулсан юм.
“Жи тайм” компанийн үйл ажиллагааг зогсоож, тус компанийн сүлжээнд нэгдэж хохирсон иргэдийн өргөдөл гомдлыг Улсын мөрдөн байцаах газарт хүлээж авсан. Тухайн үед тус компанийн сүлжээний бизнест нэгдсэн иргэд хэвлэлийн хурал хийж “Жи тайм” компанид гишүүнээр элсссэнээр өөрийн амьдралаа дээшлүүлэхээс гадна улс эх орондоо хөрөнгө оруулах боломж нээгдсэн учраас сонгож элссэн. Үүнд нэгдсэнээр Монголд мөнгөтэй байж болох боломж нээгдсэн учраас олон хүн хөрөнгөө барьцаалж зээл авсан. Гэтэл энэ компанийн үйл ажиллагааг зогсоосон хоёр сарын хугацаанд гэр бүл салахад хүрч байна. Зарим нь амиа хорлоход хүрсэн. Энэ бүхэнд “Жи тайм” компаниас шалтгаалсан буруу гэж байхгүй гэж бид үзэж байна. Энэ компани 3-6 мянган иргэний амьдралыг дээшлүүлж байхад хэлмэгдүүлж үйл ажиллагааг нь зогсоосон. Одоо энэ хэлмэгдэлтээ зогсоож компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахыг төр засгаас шаардаж байна. Шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авна. Талбай дээр өөрийгөө шатаахад ч бэлэн байна. Ард түмэн маш их бухимдаж амиа хорлоход хүрээд байна. Хоолоо булаалгасан бид юу ч хийхэд бэлэн байгаа” хэмээн мэдэгдэж байв.
Ингэж “Жи тайм” компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахыг хүссэн иргэд амиа өгөхөд ч бэлэн гэдгээ хэлж байсан ч энэ нь бас л итгэл дээр нь “тоглолт” хийсэн хэрэг болж таарсан. Компанийн удирдлагууд сүлжээнд нэгдсэн иргэдэд “Цагдаад өргөдөл өгвөл цалин мөнгөө олж авч чадахгүйд хүрнэ шүү” гэдэг бор “шувуу” нисгэж, элсэгчдийг төөрөгдүүлсэн байгаа юм.
“Гэмгүй захирлыг минь сулла” хэмээн тэмцэж байсан Монголчууд харин өнөөдөр “Нохойд барьдаг мод” гэгчээр эргээд цагдаа нарт л зовлонгоо уудалж, алдсан, хөрөнгө оруулсан мөнгөө олж өгөхийг гуйж сууна. М.Марат буюу “Жи тайм” компанийн сүлжээнд 11 мянган иргэн элсэж, 40 орчим тэрбум төгрөгөөрөө хохирсон. Компанийн үйл ажиллагааг зогсоож, долоо орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгө битүүмжилсэн ч иргэдэд учруулсан хохирлыг барагдуулж хүрэхгүйг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Монголчууд итгэмтгий дээр нь хаширдаггүй улс юм. Өнөөдөр Монголд санхүүгийн пирамид 18, бараатай пирамид 15, өнгөлөн далдлагдсан шууд худалдааны компани 15, шууд худалдааны гурван компани үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл хуулиараа энэ бүхнийг бүгдийг нь хориглочихсон. Гэсэн ч энэ үйл ажиллагаа зах зээл дээр явагдаж, залилан луйвар нь улам гүнзгийрч байна. Хамгийн сүүлийн жишээг татвал https://stamford-market.com/ олон улсын хөрөнгө оруулалт буюу “Stamford Trading Technologies” компани. Энэ компани Монголд үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж буй бөгөөд таван ч оффистой болоод амжжээ.
Харин манай улсад Ирландын “Stamford trading technologies” гэх компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг залилан мэхэлж байсныг Цагдаагийн байгууллага илрүүлсэн. Уг компани нь 2016 оны сүүлчээр байгуулагдсан ба Ирландын хөрөнгө оруулалтын компаниудын жагсаалтад бүртгэлтэй гэдэг байжээ. Тэгвэл холбогдох албаныхан Ирландын төв банкнаас “Stamford” нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахад тус компаний санхүүгийн бүртгэл олдоогүй бөгөөд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогджээ.
Тэд иргэдэд ‘Бидэнд оруулсан хөрөнгө оруулалтынхаа таван хувийг долоо хоногт ашиг болгон авна. Энэ нь сард 22, жилд 1264 хувь гэх мэтээр өснө’ гэж тайлбарладаг аж. Ердөө ганц удаа хөрөнгө оруулалт хийгээд өөр юу ч төлөлгүй, ямар ч зарлага гаргахгүйгээр их хэмжээний ашиг олно гэдэг нь хэтэрхий бодит бус нөхцөл юм. Тиймээс иргэдийг ‘гэрээсээ мөнгөтэй больё, дороо хоёр хүн элсүүлээд цалинд хүрье’ гэх үгсэд итгэн хохирохгүй байхыг албаныхан зөвлөж байгаа.
Энэ компанитай түншлэлийн гэрээ байгуулснаар мөнгөө эрсдэл багатай өсгөх таатай боломжтой гэдэг саналыг иргэдэд тавьдаг аж. Тухайлбал хөрөнгө оруулалт хийхэд таны мөнгийг арилжаанд оруулж олсон ашгаасаа танд хувь өгдөг зарчмаар ажилладаг байна. Тухайлбал хоёр сарын хугацаатай мөнгөө хийвэл сарын 10 хувь, 6 сарын хугацаатай мөнгөө хийвэл сарын 14 хувь, 1 жилийн хугацаатай хийвэл сарын 20 хувийн ашиг авна. Гэрээний хугацаа дуусахад анхны хөрөнгө оруулалтынхаа мөнгийг компаниас буцааж авдаг. Жишээ нь: 1000 ам.доллар жилийн хугацаатай хийхэд сар бүр 200 доллар авна.Жилийн хугацаанд нийтдээ 2400 доллар авна. Мөн анхныхаа 1000 долларыг буцааж авна. Мянган доллар тань жилийн хугацаанд 3400 долар болно. Энэ мэтчилэнгээр иргэдийн тархийг “угааж” сүлжээний бизнес явуулдаг байна.
Цахим хуудсуудаар энэ компанийн “Та нэг жилд 1200 хувийн ноогдол ашиг авна, та 10 мянган долларын хөрөнгө оруулалт оруулчихвал долоо хоног бүр 650 долларын ашиг авна гэх сурталчилгаа явж байна. Шинэ төрлийн энэхүү пирамид хэлбэрийн луйварт итгээд гурван сарын цалингаа тавиад туучихсан танил маань хамаатныхаа эгчээс гадаадын компанид хөрөнгө оруулаад сар бүр ашиг хүртэнэ. Жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтаа 10 дахин нугалж авна” гэх дам яриа сонсон “сохроор” итгэж, өөрөө хөөцөлдөн судалсаар хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм. Ингэхдээ зөвхөн цахимаар холбогдсоор advcash төлбөрийн системээр таван сая төгрөгөө татуулсан байгаа юм. Ингэж шилжүүлэг хийхдээ мөнгийг нь тосож авах хүн нь хэн гэдгийг ч судлахгүй зөвхөн хамаатны эгчийнхээ үгэнд л итгэж “Эгч худлаа ярихгүй ээ” хэмээгээд явуулсан гэсэн. Эхний хоёр сар хөрөнгө оруулсны ашиг гэж 500 орчим мянган төгрөг дансанд нь орж ирсэнд, танил маань улам “хорхойсч” дахин хоёр сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Харамсалтай нь долоон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс хойш дахин харилцаа үүсгэсэн данснаас нь мөнгө орж ирээгүй гэдгийг ярьж байна. Гэхдээ итгэл нь мөхөөгүй “Мөнгө орж ирнэ ээ” гээд мөрөөдөн сууна лээ.
Энэ мэтчилэн Монголчууд луйварчдын “бай” болж, олон хүн хурааж, хуримтлуулсан хэдэн төгрөгөө олон улсын сүлжээний бизнест хөрөнгө оруулалт нэрээр залилуулсаар байна. “Жи тайм”-д хууртсан. Одоо харин “Stamford”-д залилуулах уу?! Бодолтой, ухаантай байж, амар хялбараар биш, ажил хийж, хөдөлмөрлөж мөнгө олох нь хамгийн зөв зам.