Жолооч нар хөдөлгөөнд соёлтой оролцдог болсон тул зарим уулзварыг цагдаагийн зохицуулалтгүй болгоно
Улаанбаатар хотод 300 орчим уулзвар бий. Түүний 60-70 хувьд нь цагдаа нар ажиллаж, үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд биш жолооч нарын хариуцлагагүй үйлдлийг таслан зогсоохын тулд ажилладаг байна.
Иймд 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс хойш Улаанбаатар хотын зарим уулзварыг цагдаагийн биет зохицуулалтгүй болгох шийдвэр гарчээ. Тухайлбал Баянгол дүүргийн “Өргөө” кино театр, “Ахуй үйлчилгээний төв”, Гэмтлийн баруун уулзвар гэх мэт уулзварт замын цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, хөдөлгөөн зохицуулахгүй юм байна. Үндсэндээ Төрийн тусгай хамгаалалт явдаггүй уулзваруудад замын цагдаа зохицуулалт хийхгүй гэж ойлгож болно гэдгийг ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэллээ.
Тэрбээр “Жолооч нарын хөдөлгөөнд оролцох үеийн сахилга соёл дээшилж байгаа гэдэг үнэлэмж гарсан. Тиймээс жолооч нартаа найдаж байна. Иймд ихэнхи уулзварыг цагдаагийн зохицуулалтгүй болгож байна” гэв.
Баяр ёслол, Төрийн өндөр дээд уулзалтын хамгаалалтын үед Замын цагдаа нар зохицуулалтаа хийх үүрэгтэй. Түүнээс сахилгагүй жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж гарсан түгжрэлийг биеэр орж зохицуулах үүрэггүй. Иймд Замын хөдөлгөөний журмыг судалж, дүрэм журмаараа хөдөлгөөнд оролцвол түгжрэлд цаг алдахгүй, зам тээврийн осолд өртөхгүй байх үндэс болно.
Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд 900 орчим мянган тээврийн хэрэгсэл байна. Нэг замын цагдаагийн албан хаагч 450 орчим тээврийн хэрэгсэлд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл нэг албан хаагч нэг мянга орчим тээврийн хэрэгсэлд хяналт тавихуйц өсөлттэй болсон байна.