Монголын эргэлтэд дугуйн холбоо, Сүлд спиннинг клубээс зохион байгуулдаг “Би жингээ хасмаар байна-3” уралдаант шоу өндөрлөж, дүнгээ гаргалаа.
85 кг-аас дээш жинтэй бүсгүйчүүдийн дунд өрнөсөн ширүүн өрсөлдөөн 35 хүнтэйгээр 70 хоногийн өмнө гараагаа эхэлж байв. Тэсвэр тэвчээрээ шалгаж, хөлс хүчээ урсгасан ширүүн өрсөлдөөнөөс 20 бүсгүй шигшигдэн үлдэж, өчигдөр ялагчаа зарлалаа.
Ялагчийг тодруулах арга хэмжээг Сүлд спиннинг клубын захирал Г.Мөнхсүлд нээж үг хэллээ. Тэрбээр “Би жингээ хасмаар 1, 2, 3, 4, 5…” цаашаа хэд болохыг хэлж мэдэхгүй байна. Энэ бол зорилтот шоу.
Шинэ цагийн спорт болох спиннингийг Монгол Улсад хөгжүүлж яваадаа баяртай байна. Цаашдаа энэ спортыг илүү хөгжүүлэхийн тулд Монгол урсгалыг бий болгож, илүү урлаг талаас нь Дэлхийн түвшинд гаргахын төлөө ажиллаж байгаа” гэлээ.
“Би жингээ хасмаар байна-2” уралдаан өнгөрсөн өвөл ялагчаа тодруулж, 4 сая төгрөгийн шагналыг гардуулж байв. Харин гурав дахь удаагийн уралдааны шагнал автомашин байсан нь өрсөлдөөнийг улам ширүүн болгосон. Час улаан өнгөтэй төмөр хөлгийн эзэн хэн бэ гэх асуултын хариуг хайж, бүсгүйчүүд ээлж дараалан жингээ үзүүлсээр. Тэд ялагч болох битүүхэн хүсэлтэй ч өөрийгөө өөрчилж, өөртөө итгэлтэй болсондоо сэтгэл хангалуун байгаа нь илт. Ийн 20 бүсгүй ээлж дараалан жингээ үзэж, ЯЛАГЧ тодрох мөч ойртсоор байв. 70 хоногийн хугацаанд нийтдээ 1.5 тонн илүүдэл жинг хаяж чадсан дайчин бүсгүйчүүдээс хэн нь машины эзэн болох вэ.
Илүүдэл жин, стрессээс салж, эрүүл мэнд, гоо сайхныг олж авсан тэр хүн бол Э.Должинсүрэн байв. Тэрбээр анх 106.8 кг жингээс эхэлж, тэмцээний төгсгөлд 76.3 кг болон 30.5 кг жин хаяснаараа ЯЛАГЧ болов. Түүний 70 хоногийн турш урсгасан хөлс хүч, тэсвэр тэвчээрийн шагнал нь SUZUKI Sx4 автомашин байлаа. Машины түлхүүрийг Сүлд спиннинг клубын захирал Г.Мөнхсүлд гардуулан өгч, баяр хүргэлээ.
“Би жингээ хасмаар байна-3” уралдаант шоуны ялагч Э.Должинсүрэн “Өөрийгөө ялж, ийм сайхан машинтай болсондоо маш их баяртай байна. Энэ тэмцээнийг зохион байгуулсан Сүлд спиннингийн хамт олондоо маш их баярлалаа. Эмэгтэй хүнд тулгардаг хэцүү зүйл болох таргалалтыг спиннингээр хичээллээд даван туулж, өөртөө хэрхэн итгэлтэй болохыг харууллаа. Намайг жингээ ингэж хасахад маш их нөлөөлсөн зүйл бол өрсөлдөгч, дайчин бүсгүйчүүд. Тэд үнэхээр эрэлхэг, дайчин, мундаг бүсгүйчүүд. Тэдэнтэй өрсөлдөж, өөрийгөө ялан дийлсэндээ сэтгэл маш өндөр байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Ийнхүү монголчуудын эрүүл мэнд, гоо сайханд хөрөнгө оруулалт хийж буй Сүлд спиннинг клубын хамт олон 20 бүсгүйд эрч хүч, итгэлийг бэлэглэлээ. Харин нэгд нь автомашин. “Би жингээ хасмаар байна-4” уралдаан эхэлсэн, эрчүүдийн дунд өрсөлдөөн өрнөж буй. Ялагч зургаадугаар сарын 9-нд тодорно.