УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын талаар мэдээлэл хийлээ. Дараагаар нь УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулав. Ингээд Дэгийн хуулийн дагуу цөөнхөөс асуулт тавилаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Эрүүл мэндийн даатгалаар иргэд эмчээ өөрсдөө сонгон үйлчлүүлж баймаар байна гэдэг. Энэ хэзээ хэрэгжих вэ? МАН-ын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын төсвийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн. Энэ хэр нэмэгдсэн бэ. Мөн явуулын үйлчилгээ, эмч нарын цалин хөлс нэмэгдүүлнэ гэж заасан. Энэ хөтөлбөр хэзээ хэрэгжих вэ?
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:
-Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд цахимаар хяналт тавих ажлыг хийж чадсан. Мөн хөнгөлөлттэй үйлчилгээг цахимаар авах ажлыг дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлсэн. Төсвийг хоёр дахин нэмэгдүүлэх талаар МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон. Энэ санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлнэ. Явуулын үйлчилгээгээр малчид, иргэдийг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулна. Алслагдсан болон эрүүл мэндийн үйлчилгээнд алслагдсан иргэдэдээ урьчдилсан сэргийлэх үзлэгт хамруулна. Цалин хөлсний асуудлыг олон жил ярьж байна. Ард иргэдийн хүсэмжид нийцсэн үйлчилгээ явуулахад эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаж өнөөг хүртэл хийж чадаагүй байгаа. Хэмнэлт гаргасан тохиолдолд буцаагаад хураадаг байсныг болиулж байгаа.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Өрхийн эмнэлгийг хөгжүүлэхэд ямар онцлог шинэлэг ажил байна вэ? Хан-Уул дүүрэгт эмнэлгийн асуудал чухлаар хөндөгдөж байгаа.
-Дүүргийн эмнэлгүүд НЭМГ харъяалагдаж байгаа. Хан-Уул дүүргийн 300 ортой төрөх эмнэлэг 2010 оноос баригдаж эхэлсэн. Анхны гүйцэтгэгч компани нь бүх төсвийг урьдчилж аваад, ажлаа гүйцэтгээгүй юм билээ. Одоо энэ эмнэлгийн барилга 60 хувьтай байгаа. 2019 онд ашиглалтад орно гэж тооцож байгаа. Түлэнхийн төвийг 2018 оны гуравдугаар улиралд ашиглалтад орно гэж зорьж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлд бид онцгойлон анхаарч байгаа. 2018 онд иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. Ингэхдээ хүн амын дунд зонхилж байгаа зүрх судас, умайн хүзүүний хорт хавдар, хэвлийн эхо-г урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.
Өрхийн эмнэлгийг ЭМД-ийн шимтгэлээс урамшуулах нь зүйтэй гэж байгаа таны хэлсэнтэй санал нэг байна. Бид 2018 оны 10дугаар сард Үндэсний эмчилгээ, оношилгооны төвийг нээх гэж байна. Бид машинаа жилдээ оношилдог мөртлөө хүнээ оношилдоггүй. Солонгосын талтай энэ талаар ярьж байгаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Таны хийсэн мэдээллийг засч залруулахын төлөө ажиллана. Мэдээлэлтэй холбогдуулж, засч залруулах ажлыг шуурхай хэрэгжүүлнэ. Өнөөдөр улс төр хийх үе биш улс орныхоо төлөө хамтдаа зүтгэх үе. Ард иргэдийн амар амгалан, сайн сайхан амьдрахын төлөө гар, санаа нийлж ажиллах ёстой. Одоо хамтарч ажиллах цаг болсныг бусад улс төрийн хүчнүүддээ уриалж байна. Цалин тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмнэ.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав:
-Хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг сайжруулмаар байна. Иргэд сонгогчидтой уулзаж байхад энэ талаар гомдол их гарч байна. Мөн дусаал гоожиж байгаа эмнэлгүүдэд засвар хийх хэрэгтэй шүү.
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:
-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг бид ярьж байгаа. Цалин, урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар ярьж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа оронсууцжуулах талаар ярьж байна. Засгийн газарт санал тавих чиглэлээр ЭМЯ ажиллаж байна. Эмийн хяналтын бие даасан агентлаг байгуулах шаардлагатай гэж ярьж байна. Өнгөрсөн парламентад энэ асуудлыг тавихад дэмжлэг аваагүй. Хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлнэ. Хөнгөлөлттэй эмийн асуудлаар даатгалын байгууллага сайн ажиллаж байгаа.