Нэг худалч ярьсан юм гэдэг. Манай нутагт хүйтрэхээр аймаар юм болдог. Өвөл идэр есөөр хүмүүсийн яриа хөлдчихдөг. Хавар нөгөө хөлдсөн ярианууд гэсээд, энд тэндгүй “Пис Пас” гээд бөөн дүнгэнэлдээн болдог гэж …
Их баривчилгаа тойрсон дуулиан шуугиан бол ёстой энд тэндгүй Пис Пас гэдэг болжээ. Ойрноос улстөрчид бүгд л Оюутолгойн гэрээ олиггүй, Монголд ашиггүй мэдэж байсан, засна залруулна гэдэг болж. Том зангарагтай, тус бүрт нь базаатай байсан С.Баяраасаа айгаад ярианууд нь хөлдсөн байсан бололтой. Одоо гэсч, бүгдээрээ Оюутолгойн хөрөнгө оруулалт бол үнэхээр муу гэрээ гэж дүнгэнэлдээд эхэлжээ. Бас л цаг үеэ мэдэрч, сайхан намирдаг улс шүү. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ер нь явсаар “Оюутолгойгоогоо боль” гэж С.Баярт хэлээд оймсоо гозолзуулсан гэж ярьдаг. Тэгвэл удаах Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн хамгаалагчдаас шахалтаар орж ирсэн 2 тэрбум ам.долларт буулт хийхгүй аргалж, бултаад байсан тул танхимынхаа урвагчдын дэмжлэгээр унасан гэж дуугарч байгаа.
Гэтэл энд нэр дуудагддаг хамтрагчид нь бас их зөрчилтэй. Одоо татварын асуудлаар боолхойтой гэж баригдаад буй Б.Ариунсан бол Н.Алтанхуягийн тун дотно, шадар найз байсан гэдэг. Тэгээд ч Н. Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Б.Ариунсанг дэд сайдаас суга татаж, Монголын тагнуулын даргаар тавьж байлаа. Ч.Сайханбилэгийг мөн итгэлт шадараар татаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилсон байдаг. Энэ хоёр эрхэм хоёулаа баривчлагдсан байгааг харахад Оюутолгойн баг Н. Алтанхуягийн хамрын доорх сахлаар оролдож унагасан харагддаг. Танхимынх нь шадар хоёр найзынх нь замналыг цааш хөөвөл их сонирхолтой. Оюутолгой гэсэн нэг үзүүр дээр уягддаг. Өөрийн танхимын тэргүүнийг унагааж Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг өнөөх Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын дарга болгосон.
Татварын тамга атгасан шинэ дарга хамгийн зоригтой ба шуурхай шийдсэн асуудал нь Оюутолгойн эрх ашигтай холбогдсон харагддаг. Энэ нь Оюутолгойд Монголын татварынбайгууллагын тавьсан 130 сая ам.долларын актыг хүчингүй болгосон тухай. Мөн хуулиас давсан шийдвэр тайлбар гаргаж, “Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эхүүсвэртэй олсон орлогод 20 хувийн татвар оногдуулна” гэсэн заалтыг тусдаа “залруулан”Монгол Улсад байрладаггүй оршин суугч бус татвар төлөгчийн Монгол Улсын нутагдэвсгэрээс гадна гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогыг тодорхойлохдоо тухайн ажилүйлчилгээг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн үзүүлсэн эсэхийг шалгуурболгоно…гэж хуулийн агуулгаас гажсан зохицуулалт хийж, Оюутолгой ХХК-д гарц гаргаж өгсөн. Ингэснээр Оюутолгойгоос гурван орчим тэрбум ам.долларын татварын орлогыгулсын төсөвт төвлөрүүлэхгүй болгосон гэж хардагдан шалгагдаж байна. Харин Ч.Сайханбилэг дараа нь Дубайд гэрээ үзэглэсэн.
Пис Пас болоод байгаа Оюутолгойн шуугиан дурсамжийг нэгтгэн харья. Хэрвээ С.Баяр гэдэг улстөрч Оюутолгой дээр загалмайлсан эцэг юм бол Ч.Сайханбилэг залгамжлагч түүний арга барилыг тун төстэй дуурайсан байдаг. 2008 онд асар их бэлэн мөнгөний амлалтаар ойролцоо суудал авсан хоёр нам гайт долоодугаар сарын 1-ний дараа стандарт бусаар хамтарсан. Дараа нь Оюутолгойг хөдөлгөсөн. Ингээд С.Баяр Ерөнхий сайдаа, намын даргаа дараалан өгч, АНУ-руу ниссэн. 2014 онд Ч.Сайханбилэг Засгийн газрынхаа хувь заяа шийдэх хуралд суугаагүй байдаг.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болонгуутаа 2008 онд С.Баяр ахынхаа хийсэн стандарт бус засагтай тун төстэй буюу эвлэрлийн алхмыг хийсэн. Тэрээр Ерөнхий сайдад нэр дэвшээд байхдаа сөрөг хүчин МАН-ын бүлгийн хуралд суух зэргээр найрсаг зан гарган, сөрөг хүчний хөлд сууж эхэлсэн ба өөрийн танхимдаа МАН-ыг урьж, зургаан сайдын суудлаа найр тавин өгсөн. 2008 онд С.Баяр стандарт бус засаг байгуулан, хэт олонхоос хэт цөөнхтэй хамтарсан засаг байгуулж, үүний дараа Оюутолгой хөдөлж байсан. Дараа нь тун төстэй хариу барилтаар 2014 онд Ч.Сайханбилэг сөрөг хүчин МАН-тай хамтарсан засаг байгуулан, зургаан сайдын суудлаар нүд чихийг нь хааж байгаад Оюутолгойг 4.4 тэрбум ам.долларын барьцаанд тавьсан. Завсарт нь тэрбумаар яригдах өр төлбөр авлагыг тэглэсэн асуудал мөн байдаг.
Энэ бүхэн одоо ил бөгөөд уялдаа холбоо, дэг найруулга нь бараг тодорхой болсон. Харин их дүнгэнээн болоод байгаа баривчилгааны хөшигний ард юу болоод байгаа нь сонирхолтой.
М.Энхболд, С.Баярыгаа өмөөрч таарна гэсэн хамгаалалтыг сайн сэвж байгаад, ямар ч байсан түүнийг хорилоо. Их баривчилгаа ид болж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх урд хөршийг зорьсон ба цаашлаад орон нутгийн томилолт өөртөө цохож, Улаанбаатараас дайжлаа. Энэ нь баривчилгаа дагасан гуйлт шаналгаануудаас зугтааж, ер нь Оюутолгойн асуудлаар олны бухимдлыг дарж, зайн дээр нь засгаа бэхжүүлж авах тооцоо харагдана. Энэ зураглалаар нь харах юм бол Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр С.Баяр ба М.Энхболдын гэсэн цайзыг нураахаар санал нэгдсэн бололтой. Үүний цаана “Эрдэнэт” дээрээ яаж эргэснийг цаг хугацаа харуулна.
Оюутолгойгоор овоглосон баривчилгааны цаана хоёр том бүлэг фракцын зөрчил байгааг хэвлэлийнхэн хоёр хуваагдсанаас харж болно. Монголоо гэж зүтгэсээр харийнхны гарт цаазын ялтай үрэгдсэн 1,2,3,4 дүгээр Ерөнхий сайд нарын зурагтай хамт, одоо хоригдоод буй 25, 28 дугаар Ерөнхий сайд нарын зургийг хоршуулан “Монгол төр зүтгэсэн хүнээ залхаалаа” гэсэн утгаар өмгөөлөл дэвсэх болов.
Үнэн юу гэвэл энэ цагт Монголдоо зүтгэсэн, Монголоо өмгөөлсөн нь эрт үхэж, урваж завшсан, хуйвалдсан нь урт насалж, улам өнгөжөөд байгаа харагддаг. За яах вээ…хайчин галд ороод алдсан байж болно. Гэхдээ гурван сая иргэний 80 хувь ядуу, төр улс нь 27 тэрбум ам.долларын гадаад өртэй байхад дэлхийн толгой баян компанид таван “Эрдэнэт”-тэй тэнцэх их ордоо барьцаанд өгч, татвар хураажийг нь авалгүй сул хаясан бол Монголдоо зүтгэсэн гэж өмөөрөхөд үнэндээ хэл эвлэхгүй байна.