“Оюутолгой”-н гэрээтэй холбогдсон асуудлаар хоёр Ерөнхий сайд асан, нэг Сангийн сайд асан шалгагдан саатуулагдаж байна. Тэднийг хоёр нь АН-ынх, нэг нь МАН-ынх.
Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна.
Нэгэнтээ Ерөнхий сайд асан С.Баярыг эрх баригч хүчин МАН хамгаалах нь дамжиггүй. Хэдийгээр тэд хуулийн дагуу шийдвэрлэгдэх ёстой, бидэнд хамгаалах асуудал байхгүй гэсэн жижүүрийн тайлбар хийх ч нэгэн цагт энэ намыг тэргүүлж байсан, намаа удаа дараагийн сонгуульд удирдан орж ялалт авчирч байсан , хамгийн сүүлд 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч “дээрээс чиглэл өгч” ажилласан улс төрийн толгой лидерээ зөнд нь хаяна гэж үгүй, тиймээс түүнд наанадаж “улс төрийн хамгаалалт” байгаа гэдгийг олон нийт гадарлана.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн тухайд сөрөг хүчин АН улс төрийн дэмжлэг үзүүлэхээ нэгэнтээ мэдэгдсэн. Учир нь С.Баярцогт шиг хэрэгт холбогдонгуут намаас нь хөөсөн шийдвэр гаргасан гэх ташаа мэдээлэл цацагдахтай зэрэгцээд сөрөг хүчин байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү Оюутолгойн гэрээний асуудлаар шалгагдаж байгаа хоёр Ерөнхий сайд асан ерөнхийдөө улс төрийн дэмжлэгтэй байгаа гэсэн үг.
Харин Сангийн сайд асан С.Баярцогтыг хэн хамгаалах вэ? Түүнийг АТГ-аас “Оюутолгой”-н гэрээ байгуулахдаа албан тушаалаа ашиглан авлига авсан байх магадлалтай гэх хэргээр 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг үүсгэж шалгаж, хорьсон билээ. Үүнтэй зэрэгцээд АН оффшор данстай,ёс зүй зөрчлөө гэх үндэслэлээр намын гишүүнчлэлийн бүртгэлээс хасах шийдвэр гаргасан. Намдаа байтугай Монголын улс төрд ч боловсрол, мэ длэг, туршлагаараа толгой цохин тэргүүлэх С.Баярцогтыг АН хазайхад нь түлхсэн энэ шийдвэр олон нийтийг гайхах, сэрдхийлгэх зэрэгцүүлэв.
Улс төрийн нам эрх барьж байхдаа бус сөрөг хүчин байхдаа нийгэмд нэр хүндтэй байдаг. Учир нь тэд эрх баригчдыг хянаж, шүүмжилж, олон нийтийн талд дуугарах “бүрэн эрх”-тэй байдаг. Тиймээс ч өнөөдрийн парламентад 9 суудалтай сөрөг хүчин АН байтугай гурав дахигч хүчний ганц төлөөлөл О.Баасанхүү өөрт ногдсон боломж, бүрэн эрхээ ашиглан эрх баригчдыг сөрөг хүчинтэй нь шүүмжилж, МАХН-даа оноо авчирч байна. Энэ боломж сөрөг хүчинд нээлттэй хэдий ч АН дотоод асуудлаасаа үүдэн олон нийтэд рейтэнгээ унагасаар байгаагийн нэг жишээ С.Баярцогтыг намаасаа хөөсөн шийдвэр. Эдүгээ нам бус С.Баярцогтыг хамгаалахаар дуугарч байгаа хэн нэгэн алга. Тэрбээр баривчлагдахаасаа өмнө “Манай намын шийдвэр бол үнэхээр инээдтэй. Би шалгуулж, үнэн зөвөө тогтоолгоно” гэх тайлбарыг хийсэн.
Нэгэн үе зэрэгцэн гарч ирсэн шилдэг, боловсролтой, намын лидерүүдийнхээ нэгнийг нь хамгаалан, дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, нөгөөг нь бүдэрсэн дээр нь хөөсөн АН-ын удирдлагуудыг олон нийт шүүмжилж байна. Үнэндээ АН-ын удирдлагуудын энэ үйлдэл С.Баярцогтыг бус намын нэрээ олон нийтэд сэвтүүлэн харлуулж, ардчиллын үнэ цэнээ ч унагасан шийдвэр байлаа.
АН-ын дарга С.Эрдэнэ нэгэнтээ “С.Баярцогтын намын гишүүнчлэлээ сэргээх эрх нээлттэй байгаа” гэж дуугарч байна лээ. Асуудалд орсон үед нь хөөчихөөд буцааж ирж болно” гэж тохуурхах нь ямар удирдлагын араншин бэ. Ер нь бүгдээрээ нам бус С.Баярцогтыг хамгаалъя.