Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Reach” төслийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр /2018.04.12/ боллоо. Арга хэмжээнд АНУ-ын Олон Улсын хөгжлийн Агентлаг, ХХААҮЯам, Жижиг, Дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан, Монгол Банк зэрэг төрийн болон олон улсын хөгжлийн байгууллага, арилжааны банк, бизнесийн төлөөллүүд оролцон нийгэм болон эдийн засагт гаргасан амжилт, үр дүнд дүгнэлт хийлээ.
Уг төслийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн зүгээс “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран хоёр жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд таван салбар нэгжээр дамжуулан жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтыг нэмэгдүүлэхэд чиглэн ажилласан байна.
“Хөгжлийн шийдэл” ТББ тэргүүн Э.Бат-Орших “Энэхүү төсөл нь олон зуун жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай санхүүжилтийг олж авахад тусалсан. Түүнчлэн арилжааны банкууд жижиг, дунд бизнесүүдэд зээлийн бүтээгдэхүүний нөхцөл шаардлагуудыг хөнгөвчлөх тал дээр илүү их анхаарсан” гэв.
Харин “Reach” төслийн мониторингийн ажилтан Б.Гангис “АНУ-ын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Reach” төсөл Улаанбаатар болон орон нутгийн дөрвөн аймагт үйл ажиллагаагаа явуулан өнөөдөр хаалтаа хийж байна. Уг төсөл нь 100 хувь Монгол хүний нөөцөөс бүрдсэн төрийн бус байгуулгаар дамжсан төсөл юм. Төслийн гол онцлог нь жижиг дунд бизнесүүдэд хамгийн их тулгардаг санхүүгийн асуудлыг шийдэхэд туслах байлаа” гэлээ.
Төслийн үр дүнд нийт 5000 гаруй жижиг дунд үйлдвэрлэлийн төлөөлөлд 700 гаруй жижиг дунд бизнесийн зээлийг арилжааны банкууд болон олон улсын төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан олгосон бөгөөд нийтдээ 68 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Мөн түүнчлэн 611 ажлын байрыг шинээр бий болгосон байна. Харин 2,9 тэрбум төгрөгийг борлуулалтын орлого болгосон аж.
Санхүүжилт олгосон бизнес эрхлэгчдийн 54 хувь нь эрэгтэй, 46 хувь нь эмэгтэй жижиг дунд бизнес эрхлэгчид байжээ.