Эрүүл мэндийн даатгалын цахим систем энэ сарын 1-нээс нэвтэрсэн. “Эрүүл мэндийн даатгал цахимжсанаар иргэдийн мөнгө, цаг хэмнэгдэнэ” гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын /ЭМДЕГ/ дарга Ч.Алтанхуяг хэлж байна. Мөн тэрбээр “Иргэн эрүүл мэндийн даатгалаар ямар үйлчилгээ авах боломжтойгоо мэдэх болно. Иргэн өрхийн эмчид үзүүлснээр эмч зохих эмийн жорыг бичиж өгнө. Уг жор нь цахимд бүртгэгдэнэ. Ингэснээр иргэн эрүүл мэндийн даатгалд гэрээтэй аль ч эмийн санд хандаж болох бөгөөд иргэний үнэмлэхээ үзүүлснээр хөнгөлөлтэй эмээ авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалын цахим систем зөвхөн эмийг жороор олгоход бус эмнэлгийн бүх тусламж үйлчилгээ авахад хэрэглэгдэнэ. Энэ онд багтаан Эрүүл мэндийн үйлчилгээ цахим системд бүрэн шилжинэ” гэлээ.
Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгал цахим болсноор иргэд төлсөн даатгалаа өөрсдөө хянах, ямар үйлчилгээг, хаанаас хөнгөлөлттэй үнээр авах боломжтой зэрэг мэдээллийг авах боломжтой боллоо. Мөн “Эрүүл мэндийн даатгалын цахим систем’ орон даяар нэвтэрснээр иргэд эрүүл мэндийн даатгалын дэвтэр ашиглалгүйгээр иргэний үнэмлэхээ үзүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
Хамгийн гол нь хөнгөлөлттэй эмийг зөвхөн харьяа дүүргийн эмийн сангаас авалгүйгээр, эрүүл мэндийн даатгалд гэрээтэй аль ч эмийн сангаас авах боломжтой юм.