Авлигатай тэмцэх газар төрийн 17 байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг өнөөдөр зарласан байна. Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Цагдаагийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна. Авлигатай тэмцэх газар цахим сүлжээнд байршуулах мэдээллийн цар хүрээнээс шалтгаалан 40 гаруй мянган төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үе шаттайгаар нээлттэй, ил тод болгон зарлаж байна. Энэ нь албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэд, олон нийтийн хяналтад оруулах гол зорилготой юм. Дараагийн удаад нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, зарим яам, агентлагийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулах болно гэжээ.