Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны ээлжит хурлыг өнөөдөр /2018-04-04/ хийлээ. Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний байгууллагаас ижил тоотой төлөөлөл ордог үндэсний хорооны энэ удаагийн хурлаар хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд ажиллаж байгаа даатгуулагчийг эрт тэтгэвэр тогтоолгох эрх зүйн зохицуулалт, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэж шийдвэр гаргав.
Тухайлбал, төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар Улсын нэмэлт хэлэлцээг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан хийхээр санал нэгдлээ. Мөн хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлийн тэтгэврийн харилцааг иргэд, даатгуулагчдад ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар болгох зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барих нь зүйтэй гэж үзсэн.
Өнгөрсөн сарын 26-нд УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн талууд болох МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ дэмжихээ илэрхийлж зарчмын зөрүүтэй саналын талаар дахин ажлын хэсэг байгуулж, нэгдсэн зөвшилцөлд хүрэхээр тогтлоо.