“Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах нь” сэдэвт Удирдах ажилтны 2 дугаар зөвлөгөөн Хэнтий аймгийн Чингис хотод 4 сарын 1,2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү зөвлөгөөнийг Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангах, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож, чадавхижуулах зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 193 төсвийн шууд захирагч нар буюу сумдын ЗДТГ-ын дарга, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, агентлаг байгууллагын дарга нар хамрагдлаа.
Эхний өдөр буюу 4 сарын 1-нд Удирдлагын академитай хамтран 1 өдрийн танхимын сургалтыг зохион байгуулж, удирдлагын түвшинд шаардагдах мэдлэг, мэдээллийг олгосон бол 4 сарын 2-нд зөвлөгөөний албан ёсны нээлтийн арга хэмжээ болсон юм.
Нээлтэд аймгийн Засаг дарга Н.Ганбямба, АИТХ-ын дарга Л.Батсайхан, АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар болон МУЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, МУ-ын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, ХЗДХЯамны БХЗГ-ын ахлах мэргэжилтэн Г.Цэцэгээ, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗМСС төвийн эрхлэгч А.Түвшинтулга, АТГ-ын МБДША-ны ажилтан Б.Бат-Очир, Стандарт хэмжилзүйн газрын СБТДАГ-ын ахлах мэргэжилтэн Д.Дашнамжилмаа, Архивын ерөнхий газрын МАЗУГ-ын ахлах мэргэжилтэн Ш.Даариймаа нар урилгаар оролцож МУЗГ-аас 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар, Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, шинэчилсэн найруулга, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн танилцуулга, эрх зүйн мэдээллийн сангийн танилцуулга, Захиргааны акт гаргахтай холбоотой зарим асуудлууд, авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахад анхаарах асуудал, Менежментийн тогтолцоо ISO 9001 стандартын талаарх ойлголт ач холбогдол, баримт бичгийн зохион бүрдүүлэхэд тавигдах шаардлага, анхаарах асуудлын талаар илтгэл тавьж, мэдээлэл өгсөн.
Мөн Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ч.Эрдэнэбаатар, Санхүүгийн хяналт аудитын албаны дарга О.Алтантуяа, ХШҮДАХ-ийн дарга Ч.Баярцолмон, ОНӨГ-ын дарга Ц.Дэмбэрэлсайхан, аймгийн Прокурорын газрын орлогч прокурор М.Батхишиг нар салбартайгаа холбоотой цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг танилцууллаа.
Энэ үеэр ажил үйлсээрээ тэгүүлсэн Бор-өндөр сумын ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал, Баянмөнх сумын ЗДТГ-ын дарга А.Болормаа нарыг Засаг даргын нэрэмжит жуух бичгээр шагнасан бол 5 албан хаагчийг аймгийн хүндэт тэмдгээр, 6 хүнийг Хан Хэнтийн алдартан цол тэмдгээр шагналаа. Түүнчлэн мэргэжлийн ур чадвар идэвхи санаачлага гарган, албан үүргээ хангалттай сайн биелүүлж, 2017 оны ажлын үр дүнгээрээ салбартаа эхний тавд орсон ХХҮГ, НДХ, Татварын хэлтэс, ХХААГ болон Стандарт хэмжил зүйн хэлтэсийн дарга нарыг аймгийн Засаг даргын захирамжаар цалингийн хувиар урамшуулсныг уншиж танилцууллаа.
Зөвлөгөөний төгсгөлд албан үүргээ гүйцэтгэхдээ төрийн хууль тогтоомжийг чандлан сахиж, төрийн үйлчилгээг иргэдэд шударга, чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх, шийдвэр гаргах, хяналт, шалгалтын ажлыг гүйцэтгэхдээ хөндлөнгийн нөлөөлөлд орохгүй, авлига, ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах зэрэг 9 зүйлийг баримтлан ажиллахаа илэрхийлсэн баталгааны төслийг танилцуулсан бөгөөд 100 хувийн саналаар дэмжив.
Ийнхүү 2 өдөр үргэлжилсэн зөвлөгөөн амжилттай өндөрлөж, хамрагдсан хүмүүс сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж сургалтаас олж авсан мэдлэг мэдээллээ цаашдаа байгууллага дээрээ хэрэгжүүлж, ажилтнууддаа чадваржуулж түүгээрээ дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэх болно гэдгээ ярьж байлаа.