Сэтгүүлч, хуульчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд “Хаан” банк Монголын шүүхийн байгууллагыг хахуулддаг гэх баримтыг дэлгэлээ.
Сэтгүүлч Л.Наранбаатар Хаан банкнаас Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнд явуулсан албан бичгийг танилцууллаа. Тус албан бичигт “…шүүхийн бүх шатны 174 шүүгч, ажилтанд орон сууц, хашаа байшин худалдан авахад нь зориулж, Хаан банкнаас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон. Хаан банк нь нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор дээрх ажлыг зөвхөн шүүхийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа…”хэмээн шүүгч нарт хэрхэн тусалснаа дурсаад “Манай банктай холбоотой орон нутгийн нэгэн байгууллагын шүүхийн шийдвэрлэсэн хууль бус шийдвэртэй холбоотой асуудлаар хандаж байгаадаа хүлцэл өчье” хэмээн бичжээ.
Мөн тэд шүүх.мн сайтаас 2013-2014 оны материалыг судлахад Хаан банктай холбоотой 34 хэргийг шүүх шийдсэн байна. Ингэхдээ бүгд Хаан банкны талд шийдэгдсэнийг онцолж байна.