Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 10-202 тоотод оршин суугч н.Төмөрбаатарын суурьт малын гоц халдварт шүлхий өвчин илэрчээ. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.
Тус бүсэд 40 гаруй өрхийн 133 иргэн амьдардаг. Нийтдээ 5 үхэрт шүлхийн ерөнхий шинж тэмдэг илэрсэн учраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал болон бусад холбогдох албаныхныг байлцуулан устгалд оруулжээ. Тухайн бүсээс мал амьтан гаргахгүйгээр хорио цээрийн дэглэм тогтоож, шаардагдах төсвийг дүүргийн Засаг даргын зүгээс шийдвэрлэн одоогийн байдлаар 69 хүн 45 техниктэйгээр ажиллаж байгаа аж.
Харин иргэн н.Төмөрбаатар нь өнгөрсөн жил хийсэн вакцинд хамрагдсан 9 үхрийг Төв аймаг руу шилжүүлэн тэндээс 9 үхэр авчирсан нь шүлхий өвчний голомттой байсан бөгөөд үүнийгээ нуун дарагдуулсан хэргээр холбогдох байгууллагад шалгагдаж байгаа юм байна.
Энэ талаар Нийслэлийн Онцгой комиссын гишүүн нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш “Тухайн голомтын буюу сэжигтэй болоод хязгаарлалтын бүсэд байгаа бүх малыг вакцинжуулсан. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд ариутгал халдваргүйтлын арга хэмжээ аваад байна. Хорио цээрийн дэглэмтэй хугацаанд тус газарт 3 удаагийн ариутгал халдваргүйтгэл угаалгын арга хэмжээ авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтын түвшинг өсгөх товлолт вакцин ирэх сарын 1-нээс хийгдэж эхэлнэ. Энэ сарын 17-нд ОХУ-аас вакцин ирнэ. Вакцинжуулалтыг хугацаанд нь эхлүүлэхээр ажиллаж байна” гэлээ