Ерөнхийлөгч Х.Баттулга цаазаар авах ялыг сэргээхээр өнгөрсөн оны 11 дүгээр сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хандсан. Төрийн тэргүүний энэ саналыг өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж судлан, санал дүгнэлтээ гаргажээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр танилцуулав. Ажлын хэсэг хэд хэдэн үндэслэлээр Монгол Улс цаазын ялыг сэргээх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Ажлын хэсгийн таван ДҮГНЭЛТ
1.Монгол Улс дангаараа цаазын ялын тухай Иргэний болон улс төрийн тухай олон улсын фактын II нэмэлт протоколоос гарах, цуцлах, хүчингүй болгох, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзах, зогсоох хуульзүйн боломжгүй.
2.Манай улс Үндсэн хуулиндаа цаазаар авах ялыг хууль тогтоомжоор зохицуулж болно гэсэн заалттай. Мөн олон улсын гэрээ болон дотоодын хууль хоорондоо зөрчилдсөн тохиолдолд олон улсын гэрээг баримтална гэсэн Үндсэн хуулийн зохицуулалтай. Тэр утгаараа олон улсын гэрээ үндэсний хууль тогтоомжоос давж үйлчлэх ёстой.
3.Цаазаар авах ялыг сэргээх нь Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээсээ няцсан, хүний эрхийг хамгаалах чиглэлээр гаргасан дэвшлээс ухарсан алхам болох бөгөөд олон улс дахь нэр хүндэд муугаар нөлөөлж, Монгол Улсын дотоод болон гадаад бодлого тогтворгүй гэх ойлголтыг баталгаажуулж, НҮБ болон Европын холбоо зэрэг байгууллагаас манай улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд хориг арга хэмжээ авах сөрөг үр дагавартай.
4. Монгол Улс хүний эрхийн зөвлөлийн гишүүний 2016-2018 оны сонгуульд амжилттай оролцсон. 2015 оны 12 дугаар сард болсон сонгуульд НҮБ-ын гишүүн 174 орон Монгол Улсын төлөө саналаа өгч, энэ нэр хүндтэй хариуцлагыг хүлээж авсан. Монгол Улс-НҮБ-Олон улсын байгууллагын хүрээнд сонгуульт үүрэг гүйцэтгэх бодлого чиглэлд сөргөөр нөлөөлж, энэ байгууллагуудаас анхааруулах шахалт ихээр ирж, хүний эрхийн гэрээний хэрэгжилтэд манай улсын үнэлгээ буурна.
5. Эрүүгийн хуулийн 5.1-д эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж ялын зорилгыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл ялын үндсэн зорилго бол урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, хүмүүжүүлэх юм. Харин цаазлах бол ялын зорилгыг хангаж чадахгүй байна.
Манай улсын хамгийн чанга ялтай таван гэмт хэргийн нэг нь бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хөнөөх хэрэг. Энэ хэрэгт бүх насаар нь хорих хүртэл ял оноодог. Өнгөрсөн хугацаанд бүх насаараа хорих ял эдлээд, амьд гарч ирсэн хүн байдаггүй аж. Нэг үгээр хэлбэл бага насны хүүхдийн эрүүл мэнд, амь насанд халдсан этгээдийг амьдын тамд “унагаж”, байж болох хамгийн хатуу цээрлэлийг оноодог гэдгийг хуульзүйн салбарын дэд сайд хэлж байна.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга энэ ялыг илүү чангалж, шууд цаазлах саналаа өдгөө хуулийн төсөл болгон боловсруулж, иргэдийн саналыг авч эхлээд байна.