Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” жагсаал гуравдугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд болсон. Энэхүү жагсаалд УИХ-ын гишүүн С.Жавхлан оролцов.
Тэрбээр “Жагсаалд ирсэн хүмүүсийн сэтгэл зүрх зовж, шаналсан байна. Монголынхоо төлөө үнэхээр их санаа нь зовжээ. Би тэнд олон нийтийн санаа бодлыг сонсох гэж очсон. Монголчуудаа, залуусаа XX зууны эхний хагаст Монголыг хэлмэгдүүлэлт гэдэг зүйл донсолгож байсан бол XXI зуунд хүчирхийлэл гэдэг зүйл аюулын харанга дэлдэж байна. Хэлмэгдүүлэлт асар олон аав ээжийг зовоосон бол хүчирхийлэл асар олон хүүхдийн нулимсыг үзэж амиар нь тоглож байгаа асуудал юм” гэв.