Баянзүрх дүүргийн ИТХ-ын хэсэг төлөөлөгч Сангийн яаманд хүсэлт гаргаж, дүүргийн төсөв санхүүд хэсэгчилсэн дотоод шалгалтыг хийлгэсэн байна.
Энэхүү шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгаль орчин, хот хөдөөгийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа дүүргийн төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахын зэрэгцээ дүүргийн бүрдүүлэх ёстой төсвийн орлогыг тасалдуулсныг тогтоожээ.
Тухайлбал, Баянзүрх дүүрэг 2016 онд нийслэлийн төсөвт 991.9 сая төгрөг төвлөрүүлэхээс дөнгөж 170.0 сая төгрөг буюу 17.1 хувийг төвлөрүүлсэн. Дүүргийн ИТх-ын төсөв 2017 оных нь 2016 оныхоос 900 сая төгрөгөөр нэмэгдсэн.
Мөн 2016 оны төсвийн орлогын гүйцэтгэл 78.9 тэрбум төгрөг, төсвийн зарлагын гүйцэтгэл 76.5 тэрбум төгрөг буюу ерөнхий боловсролын бүхэл бүтэн нэг сургууль барих хэмжээний мөнгө ор сураггүй байгааг шалгалтаар тогтоожээ. Цаашилбал, төсвийн мөнгөөр хууль хяналтын байгууллагад ч нөлөөлөх үйл явц ажиглагдсан байна. Тодруулбал, дүүргийн прокурорт дүүргийн төсвөөс 40 сая төгрөг олгосон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдлыг бий болгожээ. Иймээс дээрх төлөөлөгчид энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандаад байгаа аж.