АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” -ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг дөрөвдүгээр сарын нэгний өдөр сэжигтнээр баривчиллаа. Тэднийг Оюутолгойн гэрээ болон эрхзүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдалд олгосон байж болзошгүй гэх хэрэгт шалгаж буй юм. Одоогоор тэднийг сэжигтнээр татсан бөгөөд цаашид яллагдагчаар татах шаардлагатай хэмээн үзэж буй аж. Тиймээс АТГ-аас яллагдагчаар татан шалгах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлжээ. Мөн яллагдагчаар цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлэх юм байна.
Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад буй аж. Түүнд прокурорын байгууллагаас дуудах хуудас хүргүүлсэн байна. Эх орондоо ирэхэд нь Оюутолгойн гэрээтэй холбогдуулан хуулийн байгууллага байцаалт авах юм байна.
Үүнээс гадна өчигдөр Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулан, Жаст компани Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан гэх асуудалтай холбогдуулан тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгаж байгаа мэдээллийг АТГ-аас өглөө.