Нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (НХТЕТГ)-ын орлогч дарга Ц.Тулга нар оролцов.
Энэ 2018 онд Улаанбаатар хотод гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр гэсэн 5 эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 43.5 км авто зам, 3050 урт метр гүүр барина. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Түүнчлэн гадны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн гүүрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Эдгээр ажил нь энэ сарын 5-15-ны хооронд эхлэх юм байна. Сонсголон, Туулын гүүрийн ажил дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх бол Яармагийн замын ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусгах юм байна. Замын цагдаагийн уулзварын өмнөх гүүрэн гарцын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан 7 байршилд түр зам гаргаж байгаа талаар албаныхан мэдээллээ.
“Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төсөл”-ийн ажилтай холбогдуулан дараах 7 түр замыг гаргаж байгаа аж.
1. Махатма Гандигийн гудамжийг нарны замтай холбох 0.41км түр зам
2. Махатма Гандигийн гудамж-нийслэл хүрээ өргөн чөлөө-Хүннү 222 хорооллын хойд талын авто замтай холбох 0.7км түр зам
3. Рапид харш хорооллын авто замыг нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох 15у/м түр зам
4. Махатма Гандигийн гудамж–нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53км түр зам
5. Нийслэл хүрээ өргөн чөлөө-Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32км түр зам
6. Хүннүгийн гудамж–Саруул хотхон–Соёолжийн гүүр 0.32км авто зам
7. Авто замчдын гудамжийг Сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох 0.14км авто зам
3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажил ирэх сард эхэлнэ
УСУГ-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн “2018 оны манай төлөвлөгөөнд 13 ажил төлөвлөсөн. Автозамын нөхөн сэргээлт болоод автозамын хөдөлгөөнтэй холбоотой ажлууд бий. Үүнээс онцгойлж хэлвэл 3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажлын төсөл тавдугаар сараас хийгдэнэ.
Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж, Сүхбаатар дүүргийн 1, 4, 5-р хороо Сөүлийн гудамж, Чингэлтэй дүүргийн 3-р хороо буюу баруун Сэлбийн гудамж зэрэг газарт 17-20 хоногийн хугацаанд автозам хааж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ. Энэ 17-20 хоногийн хугацаанд хэсэгчлэн зам хаана.
Шугам сүлжээ засварын ажлыг хийснээр ундны усны чанарын асуудал өндөр түвшинд очно гэж тооцоолж байгаа. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд цэвэр бохир усны төслийн ажил байгаа. Үүний хүрээнд Зуун айлын уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх нэгдүгээр эгнээ түр хэсэгчлэн хаагдана. Уг ажил энэ оны тавдугаар сарын 01-нээс эхлээд есдүгээр сарын 1 гэхэд бүрэн хийгдэж дуусна” гэв.
2018 онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийгдэнэ
“Нийслэлийн хэмжээнд 2018 онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийгдэнэ. Үүнээс дулааны шугамын 32 ажил, ус хангамжийн 15, ариутгах татуургын 11, харилцаа холбооны 41, үерийн далан суваг ус зайлуулах системийн 19 ажил хийгдэх юм. Эдгээр ажил хийгдэх үеэр автозамын зорчих хэсгүүд хэсэгчлэн түр хугацаагаар хаагдана. Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд төмөр зам дээгүүр 13 байршил дээр гүүрэн болон нүхэн гарц хийхээр төлөвлөсөн байдаг. Мөн олон давхар зам гүүрийн 17 ажил төлөвлөгөөнд тусгагдсан. Үүний эхний ажил нь Зүүн дөрвөн зам болон Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил байгаа” хэмээн НХТЕТГ-ын орлогч дарга Ц.Тулга ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.