Ялалтын талбайд өнөөдөр “Залуучуудын оролцоог нэмэгдүүлье” уриатай , хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлт боллоо.
Жил бүрийн 4 дүгээр сарын 28-нд олон улсын хөдөлмөр аюулгүй байдлын дэлхийн өдөр тохиодог. Манай улс энэ өдрийг угтсан сарын аяныг 2012 оноос эхлэн 7 дахь жилдээ улсын хэмжээнд өрнүүлж байна. Энэ аяны гол зорилго нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах, идэвхжүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага, чадварыг иргэддээ олгох зорилготой юм.
Аяны нээлтэд Хөдөлмөр нийгэм хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Мөн ХАБЭА-н Үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг төрийн болон ТББ-уудын төлөөллүүд оролцов.
Дэд сайд “Энэ жил бүх орон нутаг өөрийнхөө онцлогт тохируулан энэ сарын аяныг аймгууддаа зохион байгуулж байгаа. Өнгөрсөн оноос үндэсний аюулгүй байдлын 5 дахь хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд хийгдэж байгаа олон ажлууд энэ жил илүү идэвхжиж байна” гэдгийг онцолж байлаа.
Энэ үеэр “Шинэ их ололт” компаний ХАБЭА инженер н.Батбаяраас барилгын салбарын аюулгүй ажиллагааны талаар тодруулахад “Барилгын гүйцэтгэгч компаниуд аюулгүй ажиллагааг сайн хангавал барилгын салбар аюулгүй ажиллана. Хүмүүс өөрийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүйгээс болж их бэртдэг” гэлээ.