Нохой чинь байгаагаараа л чоно юм. Учир нь чоно болон нохойны ген нь ялгах юмгүй ижилхэн.
Гэвч тэгж бодохын аргагүйгээр тэдний хооронд ялгаа ажиглагддаг нь, 15,000 жилийн өмнө хүн бараадсан уу, эсвэл хүнээс дөлсөн үү гэдэг сонголтоор хувь заяа нь хоёр тийшээ болсонтой холбоотой. Хүн бараадсан чононууд явсаар нохой болж, хүнээс сэрэмжилсэн чигтээ зайгаа баригсад нь чоно хэвээрээ үлджээ. Зэрлэг чоно бусдын өгсөн өгөөшийг хэрхэвч хэлэндээ хүргэдэггүй гэдэг бол, ноход гуяа алгадаал үмхэж орхидог.
Өнөөг хүртлэх тайлбараар (Дарвины онолоор) бол, хувьсал нь байгалийн шалгарлын нөлөөн дор бага багаар өрнөдөг гэдэг. Гэтэл чононоос нохой бий болсон тэр процессийг шинжих аваас, харин ч “гэнэт хувьсчээ” гэж дүгнэх нь илүүтэй бодит байдалд нийцтэй санагдана. Учир нь төдий чинээ богино хугацаанд чононоос нохой үүссэн тухай фактууд олон гарч ирдэг учраас тэр.
“Гэнэт хувирчээ” гэхээр юу юугүй мутац санаанд бууж мэдэх ч, чоно нохой хоёрын хооронд мутац өрнөөгүй нь, тэдний генийн харьцуулалтаас харахад илэрхий.
– Бид бүхэн Дарвинд арай хэт итгэчихсэн юм биш биз?
гэж хэлэх амьтан судлаач (Raymond Coppinger) ч бий.
Зэрлэг амьтад хэдий хэр хугацаанд хүнд дасдаг юм бол?
Орост явагдсан үнэгнүүд дээрх судалгаагаар, ойролцоогоор 30 дахь үе дээрээ бүх үнэгнүүдийн 50% нь нохой шиг хүнд ижилссэн бол, 50 дахь үе дээрээ ирэхэд энэ тоо 85% хүрсэн гэх. Энэ бол сэрэмж багатай үнэгнүүдийг сонгож үржүүлсний үр дүн юм.
Судалгаа эхлээд 100 жил ч болоогүй гээд бодохоор, зэрлэг амьтад хүнд ямар хурдан дасах боломжтой нь төсөөлөгдөх мэт. Энэ бол байж боломгүй өндөр хурд, огцом хувьсал. Ямартай ч Дарвин (-ы хувьсалын онол) гүйгээд гүйцэх хурд бол яавч биш…
Гэтэл тэндээс тэс өөр нэгэн санаа төрөв.
– Ингэхэд чоно угаас догшин араатан байгаагүй юм биш биз?
Онгон зэрлэг байгаль гэдэг бидний төсөөлдгөөс хавьгүй хэрцгий ертөнц. Өөрийнхөө болон үр хүүхдийнхээ төлөө тулаан болгонд ялан дийлэхээс өөрөөр амьд явах зам үгүй.
Гэвч энэ нь тэдний зорьж очоод сонгосон зам бус, “тулган хүлээгдсэн” хувь тавьлан биш гэж үү?
Тулааны талбарт орхигдсон чононууд өөрийн эрхгүй сонор сэрэмжээ өндөрсгөж, шүд соёогоо ч хөгжүүлжээ.
Харин хүн бараадсан чононууд аандаа шүд соёо нь жижгэрч, өнгө зүс нь ч цайраад ирж. Үсний сор цайрах нь орчиндоо идээшсэний шинж тэмдэг гэж үздэг. Хар сор гаргадаг меланин нөсөө (pigment) нь, сонор сэрэмж буурахтай зэрэгцээд шүүрэл (ялгарал) нь ч дагаж буурдаг юм байна (Адреналины багасалттай холбоотой).
Хэлбээс, хор нь тайлагдаж буй төлөв юм.
Чононы төрөлх шинж нь “энх тайванч” юм гэж үзвэл, орчны зөөлрөлийг дагаад хоромхон зуур хүнд ижилссэнд огтоос хачирхах явдалгүй санагдана.
Гэж бодвол, ерөөс бүхий л зэрлэг араатнууд тийм болж таарах уу?
Хэдий зэрлэг араатан ч бай гэдсээ цадтал идсэн бол хэрэгцээнээсээ илүүг авлах явдал байдаггүй (хэрэгцээнээсээ илүүг хураадаг нь хүнээс өөр үгүй биз). Өөрөөр хэлбэл тэд шаардлагатай болоод л бусдыг агнадаг болохоос, хоббигоороо амьтан хороодоггүй ээ гэсэн үг.
Хуучин цагт “Ширэнгийн хууль” (буюу чадалтай нь чадалгүйгээ захирах) -ийг байгалийн алтан дүрэм гэж үздэг байж. Харин өнөө үед “Дасан зохьцогчийн” үзэл илүүтэй давамгайлах боллоо.
Ширэнгийн хуулиар тэнд зайлшгүй байдлаар тулаан үүсэх шаардлагатай бол, дасан зохьцогчийн ертөнцөд “энх тайван” гэдэг гарц ч байж болох хувилбарт тооцогдоно.
Хүн болон нохойны холбоо ч түүнийг тийм гэж баталж байна.
Зэрлэг амьтдад “Зугатах зай” (fligh distance) гэдэг мэдрэмж байдаг гэх бөгөөд, тодорхой зайнаас илүү ойртох юм бол шууд зугтдаг. Мэдээж бодгал нэг бүрийн хувьд хувийн зугатах зай нь харилцан адилгүй, чононууд дунд ч хүнээс холуур тойрдог хянуур нэгэн байхад, харьцангуй ойрхон зайтай өөдрөг нэгэн ч бий. Харин нохой гэж нэрлэгдэх тэдгээр чононуудын зугатах зай нь 0 юм.
Зугатах зай нь тухайн амьтны “хил хязгаарыг” илэрхийлнэ. Хэзээ ч зугатаж чадна гэсэн төлөвт байхдаа амьтад тайван байж, эсрэгээрээ бол айсандаа байж ядна.
Харин энэхүү зугатах зайны зааг дээр амьтдын сэтгэл зүйд нэгэн сөрөг эргүүлэг үүсдэг байна. Сэтгэл зүй нь айдаст автах тусам тулаанд уриалж, тулаанд уриалах тусам айдас нь ихэсч ирдэг.
Яг л “Өндөг анхдагч уу? Тахиа анхдагч уу?” гэдэг шиг.
Айсандаа тулалдах гэв үү? Тулалдах гэсэндээ айв уу?
Нэг мөр ойртоод үзэх үү? Учир зүггүй айсаар байх уу?
Хүн төрөлхитөн цөмийн зэвсэгээсээ салж чаддаггүй нь ч дээрх дилемматай холбоотой.
Харин ноход өөрийн сөрөг эргүүлгээ амжилттай шийдэж чаджээ.
Ноход хэрхэн хүнд ойртож чадсан юм бол?
Зарим тайлбараар бол, тэд хүний хаясан хогонд ойртохоос эхэлсэн гэдэг. Энэ бол туйлын сонирхол татам тайлбар юм.
Хэрэв чононууд хүний нандин чухал зүйлийг булаах гэсэн бол тэнд гарцаагүй тулаан үүссэнээс зайлахгүй биз. Харин хэрэггүй гээд хаясан зүйлийг нь түүлээ гээд огтхон ч зөрчил үүсэхгүй нь лав.
Өөрөөр хэлбэл ижил зүйл хүсээгүй учраас л тэд хоорондоо ойртон дотносож чаджээ. Ашиг сонирхол нь сөөлжилснөөр харин ч биесээ нөхсөн юмсанж.
Тэгвэл үүнийг хүний нийгэм тийш тусгаж харвал ямар байх бол?
Эрх ашгийн, ашиг сонирхлын давхцалаас тэмцэл зөрчил үүснэ. Бүгд ижил зүйл хүсээд байвал түүнийгээ харилцан булаалдахаас өөр яалтай.
Тэгвэл үнэт зүйлс, ашиг сонирхолоо улам төрөлжүүлбэл ямар вэ?
Бүгд өөр өөр зүйл хүсдэг бол тэнд зөрчилдөн тэмцэлдэх шаардлага бий гэж үү?
Ашиг сонирхол өөр бол харилцан ойлголцоход хүндрэлтэй байж болох л юм. Гэвч хэн хэндээ гай болохгүйн хэрээр, хоорондын зайгаа ойртуулахад амархан байх биз. Нэгэнт ойртсоны дараа яваандаа ойлголцох ч юм билүү.
Ингээд бодохоор үнэт зүйлсийн төрөлжилт их байх нь туйлын талархам зүйл мэт санагдана. Гэвч үүнийг үл ташаах хүмүүс ч бас бий. Улс гүрнийг жолоодох эрх мэдэлтнүүдийн хувьд, талаар нэг тархай үзэлтэй хүмүүсийг нэгтгэн удирдах нь дэндүү ажиллагаа ихтэй, аюул осолтой. Ард түмэн бүгдээрээ нэг л шашин шүтэж, бүгд мөнгө л ярьдаг байвал хүслээрээ хуйлруулахад юутай амар байх билээ.
Нэг үгээр хэлбэл, үнэт зүйлсийн төрөлжилт дээрээс өрнөх явдал тун ховор. Эсрэгээрээ дээрээс үнэт зүйлс, үзэл бодлыг тэгшитгэх хүч үйлчлэх нь олонтаа. Харин хариуцлагын мэдрэмж сулын хэрээр, эрх чөлөөг эрэлхийлэх олон өнцөгт үзэл бодлын ялгарал доороос үүсэмтгий байдаг.
Дээрээс үзэл бодлыг тэгшитгэх хүч үйлчилж, доороос эрх чөлөөт олон ургалч үзэл дэлгэрэн тархаж, тэр хоёрын нарийн тэнцвэр дээр хүний нийгэм дэнжигнэн тогтох мэт. Заримдаа энэ тэнцвэр алдагдсанаас болж Дарангуйлал (дээдэх нь ялах), Хувьсгал (доодох нь ялах) -даа хүрэх нь ч бий.
Гэсэн ч иймэрхүү эвлэрэшгүй мэт эрсэг тэсрэгүүд ч гэлээ, эвээ олоод зэрэгцэн орших талбар гарцаагүй хаа нэгтээ байх л учиртай.
Хэрэв бүх чононууд “тэжээвэр амьтан” байхыг гутамшиг гэж үзсэн бол, магад өнөөгийн ноход огт үүсэхгүй байсан биз. Азаар тэгж боддоггүй чононууд байсан учраас л тэнд амьдралын шинэ зам нээгджээ.
Уул шугамандаа бол, хүн болгон өөр өөр бодолтой, үнэт зүйлсийн, үнэ цэнийн мэдрэмжтэй баймаар. Гэвч тэдний үзэл бодол үйлдвэрийн талх шиг нэгэн хэвийн болж орхидог нь өнөөгийн боловсролын системийн үр дүн юм. Боловсрол гэж, боломжийг тэлэхийн төлөө байдаг эд үү? Эсвэл хумихын төлөө байдаг юм уу?
Багталцахгүй шахам болтлоо чихэлдэх хүний ертөнцөд, өнгө өнгийн үзэл бодол л цорын ганц авралын зам гэж санагдана.
Чоно хэлнэ:
– Хүнд л ойртож болохгүй шүү.
Хүн хэлнэ:
– Чононд л ойртож болохгүй шүү.
Ой хоёр хуваагдав.
Чоно хэлнэ:
– Хүн дотор ч сайн нь бий.
Хүн хэлнэ:
– Чонон дотор ч сайн нь бий.
Ой гурав хуваагдав.
Гэсэн ч тэд нэг тэнгэрийн дор амьдарсаар…