Хүн амын эрүүл мэнд бол улс орны томоохон асуудлын нэг. Мэдээж хэрэг нийт иргэдийн эрүүл мэндийг улсын тодотголтой эмнэлэгүүд бүрэн хангаж хүрэлцэхгүй байгаа учир сүүлийн 10 жил манай улсад хувийн эмнэлэгийн тоо асар хурдацтай өсч байгаа.
Хүн эрүүл байхын тулд өөрийн эрүүл мэндэд хэзээ ч мөнгөө гар татахгүй гэсэн сэтгэхүй дээр зарим нэг эмнэлэг хүний эрүүл мэнд, амь насыг бус бизнес сэтгэлгээгээ илүүд тавиад байх шиг. Өнгөрсөн оны байдлаар Монгол улсад хувийн хэвшлийн 1310 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна хэмээн Үндэсний статистикийн тоо үзүүлэлт харуулж байна.
Эрүүл мэндийн бүх салбарт ажиллаж буй эдгээр эмнэлэг харин иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа хэд байхад ашиг мөнгөний төлөө ажиллаж байгаа нэлээд байна гэх иргэдийн бухимдал сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэх болжээ. Иргэдийн дунд мөн энэ салбарын талаар ч хошин явган яриа гараад амжсан “Хувийн эмнэлэгт үзүүлэхээр өнөө маргаашгүй болчиж гэх …. Улсын эмнэлэгт үзүүлэхээр цоо эрүүл биетэй гээд байдаг” гэх маазрал ч үнэний ортой болоод байгаа.
Жишээ нь нэгэн үйлчлүүлэгч хувийн эмнэлэгт очин оношлогоо хийлгэтэл өвчний онош нь хүнд байна яаралтай эмчилгээ хийлгэх хэрэгтэй хэмээн хэдэн сая төгрөгийн үнэ хэлжээ. Харин санхүү мөнгөний боломжгүй үйлчлүүлэгч нь хэдэн өдөр очер дараалал болон байж улсын эмнэлэгт үзүүлтэл таны бие зүгээр байна гэсэн хариуг өгчээ.
Энэ мэтээр энгийн нэг жишээ дурьдан ярихад ийм байна. Хөдөө орон нутгаас мөн хот бараадан ирсэн хүмүүс ч энэ мэтээр сэтгэл санааны болоод санхүүгийн дарамтад ороод буцах тохиолдол их болжээ. Эмнэлэгт үзүүлэхээр л өөдөөс нь өчнөөн тооны мөнгөн дүн хэлдэг аж.
Үүнээс гадна хувийн эмнэлэгийн бас нэг дутагдал нь хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй нэг л олон гадаад нэртэй эмч нартай бөгөөд тэдгээр эмч нь маш сайн хэмээн рекламдах болсон. Гэтэл зарим нэг шалгалтаар хувийн эмнэлэгт ажиллаж буй гадаадаас ирсэн гэх эмч нар нь эмчилгээ хийх зөвшөөрөлгүй ч хүн байсныг илрүүлж байсан нь саяхан. Алдаа дутагдал гаргасан эмнэлэгийн үйл ажиллагааг хаахаар нэрээ өөрчлөөд эргээд л гараад ирдэг гэх мэтээр олон зүйл ярьж болох билээ.
Хувийн эмнэлэг гэхээр л заавал мөнгө төгрөгөөр үйлчлүүлэх ёстой гэсэн ойлголт байхгүй. Иргэд тус газраар эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх зарим эмнэлэг байдаг ч тэр бүр мэдээлэл байхгүй учир мэддэггүй. Түүнчлэн тэд ийм үйлчилгээ үзүүлэх ёстой байтал үзүүлэхгүй байвал холбогдох газруудад гомдол мэдүүлэх эрхтэй юм.
2017 онд Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ЭМД-ын хөнгөлөлт үзүүлэх Улаанбаатарын есөн дүүрэг дэх 93 хувийн эмнэлгийн нэр, хаяг, холбогдох утасны дугаарыг гаргажээ.