Өнөөдөр Сүхбаатарын талбайд нийслэлийн гэр хорооллын иргэд “Эсэргүүцэж байна” тайван жагсаал зохион байгуулж байна. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл энэ жагсаалыг дэмжиж байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэх саналтай байдаг аж. Гэтэл одоогийн удирдлагын зүгээс хотын захиргааг Нүхтийн ам руу шилжүүлэхээр санал гарган ярилцаж буй юм.
Энэ талаар Э.Бат-Үүл “Хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэх гэдгийн ард том бодлого явж байгаа. Хотын захиргаагаа дагаж, хөрөнгө оруулалтыг тийшээ татах гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зориуд гэр хорооллын газрыг үнэтэй болгох арга хэмжээ гэж ойлгож болно.
Гэтэл Нүхтийн амны хажууд нөгөө хотын захиргааг нүүлгэхээр ярьж байгаа. Тэнд баахан дарга нар арын хаалгаар маш их газар авчихсан, хашаа дугуйлчихсан байгаа. Мэдээж тэндээ орон сууц барьж таарна. Хэрэв хотын захиргаа тийшээ нүүвэл тэдгээр орон сууцны үнэ өсч, асуудалгүй зарагдана гэсэн үг. Дарга нарын бизнесийг дэмжихийн тулд хотын захиргааг Нүхт рүү нүүлгэх нь л дээ. Яалаа гэж ингэж байгаа юм. Яалаа гэж гэр хорооллын газруудыг үнэгүйдүүлж, огт өөр газар руу хотын захиргааг нүүлгэнэ гэж ярьдаг юм. Тийм учраас гэр хорооллынхон оролцсон цуглаан болж байгаа нь зөв зүйтэй эсэргүүцэл” гэж ярьжээ.