Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба “Хууль зөрчсөнийг таслан зогсоох” үүрэг чиглэл өгсний дагуу Чингис хотын хаалганы дэргэдэх шатахуун түгээх станцын газрын зөвшөөрлийг 3 дугаар сарын 1-ний өдөр Мөрөн сумын Засаг даргын Захирамжаар цуцалсан байна.
Энэхүү газрын зөвшөөрлийг өмнөх аймгийн удирдлагууд 2016 оны 07 сарын 8-ний өдөр “Ихэр наран” ХХК-д олгосон байсан. Иймд тус компани 2017 онд барилгын ажлыг эхлүүлснээр иргэдийн дунд бухимдал төрүүлсээр иржээ. Тиймээс аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу судалж үзэхэд тус компани нь газар эзэмших гэрээнд заасны дагуу улирал бүр төлөх ёстой 6 удаагийн газрын төлбөрийг төлөөгүй байсан тул газрын эрхийн зөвшөөрлийг цуцалжээ.
Ийнхүү захирамж гарснаар “Ихэр наран” ХХК-ний газар эзэмших зөвшөөрөл дуусгавар болж 90 хоногийн дотор газрыг чөлөөлөх ёстой болж байна.
Түүнчлэн Хэнтий аймгийн одоогийн удирдлагууд нэг ч ШТС-ын газрын зөвшөөрөл олгож байгаагүй бөгөөд цаашдаа ч бүтээн байгуулалт, түүхэн цогцолбор газрууд, иргэдэд амар тайван амьдрахад төвөг болохоор бүсэд зөвшөөрөл олгохгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.