УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах талаар удахгүй мэдээлэл хийнэ гэсэн яриа Төрийн ордноор хөвөрч байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Д.Гантулга гишүүн намрын чуулган завсарласны дараа бүрэн эрхээсээ татгалзах асуудлаар намынхантай зөвлөсөн бололтой. Харин намын удирдлагуудын зүгээс одоогоор тодорхой хариулт өгөөгүй байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд тодотгов.
Д.Гантулга гишүүнд холбогдох хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж буй ч шүүхийн шийдвэр хараахан гараагүй байгаа юм. Хэдий тийм ч улс төрийн хүрээнд Д.Гантулга гишүүний сонгогдсон Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явагдах яриа нэлээд эртнээс гарсан нь нууц биш болчихоод байна. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намуудын нэр бүхий лидерүүд сүүлийн саруудад карьертаа онц ихээр анхаарч буй билээ. Бүрэн эрхээсээ татгалзах эсэх талаарх байр сууриа Д.Гантулга гишүүн удахгүй албан ёсоор илэрхийлнэ гэсэн хүлээлттэй байна.