Залуу хуульчид “Зөрчлийн хуулийн торгох шийтгэлээс өршөөх тухай хууль”-ийн төсөл боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар өргөн барихаар болжээ. Энэ талаар хуульч А.Гантамир нарын хуульч мэдээлэл /22018.03.02/ хийлээ.
Замын хөдөлгөөнд оролцож буй нэг жолооч дунджаар 100-200 мянган төгрөгийн зөрчлийн торгууультай байгааг хуульчид судалжээ. Иймд Зөрчлийн хуулийн дагуу оногдуулсан торгох шийтгэлийг нэг удаад өршөөх тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөсөн байна.
Энэ талаар хуульч А.Гантамир “2017 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл зөрчлийн хуулиар оногдуулсан торгох шийтгэлийг өршөөх юм. Тэрнээс өнөөдөр, маргаашийн торгох шийтгэлийг хуульд хамруулахгүй. Учир нь энэ оны 3-5 дугаар сард жолооч нар өршөөлд хамрагдчих юм чинь гээд зөрчил илүүтэй гаргах эрсдэл үүснэ. Тиймээс он, цаг нь дуусчихсан хугацааг сонгож өршөөлийн хуульд хамруулахаар хуулийн төсөл боловсруулж байна” гэв.
Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөний зөрчлийн торгуулиа төлөөгүй жолооч нарын торгууль нийтдээ 5.5 тэрбум төгрөг орчимд хүрсэн байгаа аж. Энэхүү торгуулийг төлөх шийтгэлийг нэг удаад өршөөснөөр улсын төсөвт суух хөрөнгө хасагдах ч иргэдийг санхүүгийн хүндрэлээс хөнгөвчлөх ач холбогдолтой тул эрсдэлгүй гэж үзжээ.
Мөн хуульчид өрх толгойлсон эцэг, эхэд жилд нэг удаа мөнгөн тэтгэмж олгох талаар хуулийн төсөл боловсруулж буй бөгөөд УИХ-ын хаврын чуулганд өргөн барих юм байна.