Олон нийтийн сүлжээгээр нэгэн шүүмжлэл сүүлийн хэдэн долоо хоногт явах болсон. Үйлчилгээний газруудыг тогтоосон журмаас эрт онгойвол торгодог тухай сонссон хэний ч болов гайхшрал төрж байв.
Учир нь 1,5 сая хүн амтай хотод үйлчилгээний газрууд эрт онгойж л байвал хөгжлийн зам нь илүү хурдацтай байх биш гэж үү. Ялангуяа урин дулааны цагт бүх л үйлчилгээний газрууд эрт онгойх нь манай оронд жуулчлалаар ирсэн хүмүүст ч тэр нэн хэрэгтэй зүйлсийн нэг юм. Мөн бусдаас түрүүлж сэрж, бусдаас илүү хөдөлмөрлөж, ажилласныхаа төлөө торгуулах нь хэвийн үзэгдэл гэж үү.
Орой эрт үйлчилгээний газрууд нь хаалгаа барьчихна, өглөө 8,9 цагаас нааш онгойдоггүй гэх үгийг олон хүнээс сонсож байлаа. Хэрвээ үйлчилгээний газруудыг эрт онгойхыг зөвшөөрчихвөл унтаа, залхуу гэгддэг манай орны иргэдийн амьдралын хэв маягт ч өөрчлөлт орно шүү дээ.
“Монголд өглөөний цай уух газар олддоггүй. Бүгд хаалттай, ядаж л нэг ч кофе шоп ажилладаггүй” хэмээн нэгэн жуулчин бичсэн байв. Үүнийг уншсан нэгэн иргэн “8-аас өмнө онгойсон гээд торгуулсан шүү дээ. Тийм журамтай юм билээ” хэмээсэн юм. Үүний дагуу судлаад үзвэл үнэхээр ийм журамтай бөгөөд торгууль хүлээх нь ч үнэн байсан юм. Мэдээж аливаа зүйл хэм хэмжээ, дүрэм журманд захирагдах учиртай. Гэхдээ журамлаж болох ч торгоно гэдэг байж боломгүй зүйл.
Муйхраар бодсон ч эрт онгойход буруу зүйл юу байна аа?