Үндэсний их баяр наадамд оролцсон бөхчүүдээс допингийн шинжилгээ байдаг. Бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ажлыг 2003 он хүртэл Монголын үндэсний олимпийн хороо бие даан хариуцаж байсан. Харин баяр наадмын тухай хууль батлагдсанаар наадмын допингийн шинжилгээ авах үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдэх болсон юм.
2017 онд шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн тавд нь допингийн эсрэг зөрчил илэрчээ. Энэ талаар Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс тодруулахад, мэдээллийг үнэн гэв. Гэхдээ бөхчүүдийн нэрсийг зарлах журмын хугацаа болоогүй. Бөхчүүдийн А сорьцын хариуг бөхчүүд болон хариуцсан холбоонд танилцуулах явц үргэлжилж байгаа аж.Хэрэв бөхчүүд допинг хэрэглэсэн нь тогтоогдвол журмынхаа дагуу барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасдаг юм байна. Допинг хэрэглэсэн таван бөх хэн бэ. Одоогоор ямар бөхчүүд хэрэглэсэн гэдэг нууцлагдмал байна.
Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээний дээжийг БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлдэг бөгөөд дээжийг хоёр шилэнд савлаж, наадам дууссанаас хойш тав хоногт батгаан, эхлээд “А” сорьцыг шинжлүүлдэг. Лабораториос ирсэн хариуг Допингийн эсрэг төв хүлээж авснаас хойш ажлын тав хоногт багтаан, холбогдох спорт холбоо /Бөхчүүдийн шинжилгээний хариуг МҮБХ-нд/ болон Баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулдаг. Улмаар МҮБХ шинжилгээний дээжээс допингийн төрлийн бодис илэрсэн дугаар/Шинжилгээний хариуг хэн нэгэн хүний нэрээр явуулдаггүй, тусгай тоогоор кодолж илгээдэг/бүхий бөхөд ажлын арав хоногт багтаан танилцуулдаг.
Тухайн бөхчүүд хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд “B” сорьцыг өөрсдийн хүсэлт, зардлаар /зардал 300 ам. доллар/ дахин шинжлүүлэх журамтай. Харин бөхчүүд дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээ хариу хүлээж авснаас хойш 14 хоногт багтаан Допингийн эсрэг төвд бичгээр гаргах ёстой байдаг юм байна.
Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хүлээлгэх хариуцлага
Хамгийн их асуудал дагуулж буй, дагуулсаар ирсэн сэдэв бол “Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хэрхэн хариуцлага тооцох тухай”. Үндэсний их баяр наадмын хуулинд….,
16 дугаар зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага
16.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараах шийтгэлээс ногдуулна:
16.1.1. тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;
16.1.2. Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;
16.1.3.Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх:
16.2. Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 16.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна:
14.3. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хасна гэж заасан байдаг.
Гэхдээ өмнө нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд хүлээлгэж байсан хариуцлагаас харахад цол хураалгаж байсан тохиолдол байхгүй бөгөөд зарим бөхийн чимгийг хураасан, зарим бөхийн эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар, зарим бөхийнхийг нэг жилээр гэхчлэн харилцан адилгүй шийтгэл ногдуулж иржээ.