Төв аймгийн Баянхангай суманд 2018-оны хоёрдугаар сарын 04-05 шилжих шөнө малчин Э-ийн хээр бэлчиж явсан зургаан тооны адуу буудаж нядалж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарлаа. Уг хэргийг Баянцогт сумын хэсгийн төлөөлөгч Г.Гантүшиг, Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч Б.Мөнхбаяр нар халуун мөрөөр нь илрүүлсэн байна. Эдгээр этгээдүүд нь найман хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн машинтай дээрх хэргийг үйлдсэн байна.
Тус сумын цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн байцаалтын явцад уг этгээдүүдийн дөрөв нь өмнө нь малын хулгайн хэргээр удаа дараа ял шийтгүүлж байсан этгээдүүд байжээ. Улмаар 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдаж наранд гарсан нь энэ аж.
Тэд адууг гурван калибр, хоёр том буугаар цээж, толгойд нь хэд хэд буудаж маш хэрцгийгээр алсан байсан гэдгийг эх сурвалжууд мэдээллэсэн юм. Тэд мөрдөн байцаалтын явцад хээр бэлчиж явсан эзэнгүй адууг алж нядлаад хотод авчирч махны ченжүүдэд зардаг байсан гэдгээ хүлээсэн байна.
Эдгээр этгээдэд Эрүүгийн хуулийн 17.12-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэхүү хэрэг гарсантай холбогдуулан иргэд та бүхэн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.