Хулгайч, дээрэмчдийн арга нарийсч, хөгшин настай хүмүүсийн тэтгэврийн хэдэн төгрөгийг залилан мэхэлж авах тохиолдлууд гарсаар байна. Тодруулбал сүүлийн хэд хоногт 65-72 орчим насны ахмадуудаас “Хүү чинь эрүүлжүүлэхэд хоносон байна. намайг мөнгө аваад ир гэлээ”, “Багц бэлэг худалдаж авах уу” гэх зэргээр залилан мэхэлж, мөнгийг нь залилан зугтаасан хэргүүд цагдаагийн байгууллагад хэд хэд бүртгэгджээ. Тиймээс ахмад настнуудыг энэ мэт залилангийн хэргийн золиос болохоос сэргийлэхийг анхааруулж байна.
Нэгэн жишээ дурдахад өчигдөр л гэхэд ийм төрлийн залилангийн хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд 72 настай эмэгтэй “Д” -г үл таних 30 настай эрэгтэй “Г” нь цагдаагийн алба хаагчийн нэрийг барьж “Танай хүү эрүүлжүүлэхэд орсон. Та 50.000 төгрөг өг” гэж залилан мэхэлсэн хэрэг гарсан байна. Залилагч этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчдын нас болон амьдралын боломж нөхцлийг судалдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Түүнчлэн хөдөө орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөл хөдөлгөөн ихсэж буйтай холбоотойгоор томоохон худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэргийн гаралт ч нэмэгджээ. Мөн иргэдийг орой үдшийн цагаар зодож, дээрэмдэх хэрэг гарсаар байна. Хулгайд эд зүйлээ алдаж, дээрэмдүүлсэн иргэдийн дийлэнх нь сар шинийнхээ бэлтгэлийг хангахаар хамаг мөнгөө аваад явж байгаад ийн хулгайч, дээрэмчдийн өгөөш болж буйг хэлж байна. Тиймээс иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.