ЕБС, их, дээд сургуулийн шинэ улирлын хичээл эхэлж нийслэлийн хөдөлгөөн ихэслээ. Үүнтэй зэрэгцэн сар шинийн бэлтгэл базаах гэж худалдааны төв, үйлчилгээний байгууллагыг зорьсон иргэд автомашин тавих зогсоол хүрэлцдэггүй асуудлаас болж бухимдалтай байна. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо.
Худалдааны төвийн зогсоолын зүүн талаар орж машинаа байрлуулах зай хайж явсаар зогсоолын ороод гарсан хүртэл явчихав. Тэгээд зогсоол ашиглаагүй ч гарах хаалга учраас 1000 төгрөгний төлбөр төлөв. Энэ мэтчилэн олон машинтай иргэн зогсоол хайн гацаж, бухимдаж харагдана. Мөнгө хураадаг хүнээс нь зогсоолын талаар асуухад манайх зөвшөөрөлтэй гээд өөр зүйл хэлсэнгүй. Энэ зогсоол нь НАЗХГ-тай гэрээ хийж зөвшөөрөл авсан “Бэр цэцэг” ТББ-ын эзэмшлийнх гэнэ. Албан ёсны зөвшөөрөлтэй хэдий ч худалдааны төвийн зогсоол гэхэд үйлчлүүлэгч, иргэдийн машин багтахгүй, эмх цэгцгүй юм. Манай улсад зогсоолын стандарт гэж бий. Энэ стандартад зогсоолд тавих шаардлага, зогсоол эзэмшигч аж ахуй нэгж, байгууллага, иргэнд тавих шаардлага тус бүр багтсан. Үүнд, Автотээврийн хэрэгслийн овор хэмжээнд тохируулан орох гарах үйлдлийг чөлөөтэй гүйцэтгэх, зогсоолд хөдөлгөөний урсгалын чиглэл, хурдын хязгаарын тэмдэг, тэмдэглэгээ, шугамын зурвас тавих, шаардлагатай бол гэрлэн дохио тавина гэж заасан байдаг. Харин энэ зогсоолд чихэлдсэн олон машины дунд явган иргэд ч түгжрэл үүсгэж байлаа. Угаасаа манай оронд гэрлэн дохиогоор зохицдог зогсоол гэж байхгүй.
Түүний дараа “Хархорин” худалдааны төв рүү явлаа. Мөн л баярын бэлтгэлээ базааж яваа иргэд зөрөх зайгүй бужигнана. Эндхийн машины зогсоол нь том талбайтай хэдий ч ачаалал их байгаагаас мөн л түгжрэлтэй. Иргэд зогсоолд 1000 төгрөг төлнө. Тасалбар авахаар хүлээх зуур хажуу ТӨВ дугаартай машины жолооч “Энэ хотод хөдлөх бүрт мөнгө юм даа. Авсан гурилаа машиндаа авчруулахад хүртэл 500 төгрөг байх гэж. Одоо гарахдаа бас 1000 төгрөг” гэж хамт яваа хүмүүстээ ярьж толгой сэгсэрнэ.
“Нарантуул”, “Барс”, “Да хүрээ” гэсэн томоохон худалдааны төвүүдийн зогсоол мөн адил төлбөртэй. Гэхдээ албан ёсны зөвшөөрөлгүй. Гэвч үүнд хяналт тавих газар алга байна. Харин Барилгачдын талбай, Ялалтын талбай, Гуравдугаар эмнэлэг, Нийслэлийн “Өргөө” амаржих газар, “Урт цагаан” үйлчилгээний төв, “Туушин” зочид буудал”, “Тэнгис” кино театр, гурван яам орчмын зогсоол нь албан ёсны зөвшөөрөлтэй. Иргэд жилд нэг удаа автомашины үзлэгт орж, татварын мөнгө төлдөг. Гэвч үйлчилгээний байгууллагууд, нийтийн эзэмшлийн талбайг ашиглахад тэдний халааснаас мөнгө урссаар байна. Нийслэл хотод НАЗХГ-тай гэрээ хийн хамтарч ажилладаг 27 зогсоол байдаг. Харин зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг хувийн зогсоол банк, орон сууц, сургууль цэцэрлэг, техникийн зах, зочид буудал, зоогийн газрын ойр орчимд цөөнгүй бий. Албан байгууллага үзвэр үйлчилгээний газар бүгд л эргэн тойрныхоо машины зогсоолыг тойруулж хашлага тавиад л мөнгө нэхээд суудаг болж. Нийслэлийн МХЕГ-аас зөвшөөрөлгүй зогсоолуудын тоо, тавьдаг хяналтыг асуухад тодорхой мэдээлэл өгсөнгүй. Ямар ч стандартгүй, төлбөртэй зогсоолууд иргэдийн халааснаас мөнгө хулгайлсаар. Хятад, Солонгос, Япон гэсэн Азийн орнуудын жижиг хотод нийтийн эзэмшлийн талбай нь үнэ төлбөргүй байдаг жишиг бий.