Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Москва болон Санкт-Петербург хот орчмоор их хэмжээний цас орлоо. Цаг уурчдын хэлж байгаагаар сүүлийн 100 жилд ийм их хэмжээний цас унасан анхны тохиолдол болжээ. Зарим хэсгээр цасан шуурга секундэд 15-20 метр хүрсэн байна. Одоогийн байдлаар энэ гамшгийн улмаас нэг хүн амиа алдсан тухай Онцгой байдлын алба мэдээлээд байна.
Москва хотын захиргаанаас мэдээлснээр цас цэвэрлэгээний ажилд 20 мянга гаруй техник хэрэгслийг дайчилсны 4000 гаруй нь самосвал байгаа аж. Байгалийн гэнэтийн гамшигтай тэмцэх Шуурхай албыг байгуулан ажиллаж байна. Цас цэвэрлэх ажилд ням гаригийн оройноос цэргийн алба хаагчдыг дайчилж эхэлжээ.
Москва хотын онгоцны буудлуудад ням гаригт 80 гаруй нислэлийг цуцаллаа.
Нийслэлийн сургуулиудын үйл ажиллагааг албан ёсоор хаагаагүй ч боломжгүй бол заавал ирэх албагүй хэмээн ихэнх сургуулийн захиргаа мэдэгдэл гаргажээ.
Хамгийн хүнд байдал авто замууд дээр үүссэн бөгөөд орсон цасыг нэн даруй цэвэрлэн зайлуулах ажлыг нэн түрүүнд хийж байгаа ажээ. Зам цасанд дарагдсаны улмаас автобус, троллейбус зэрэг нийтийн тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчиж чадахгүй байна. Тиймээс метрогоор зорчигчдын ачаалал эрс нэмэгджээ.