Олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа турк сургуулиудыг хаах, зарим сургуулийн боловсролын гэрчилгээ, диплом зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэрийг Туркийн эрх баригчид 2017 онд гаргасан байна. Энэ шийдвэр нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа таван сургуульд хамаарах талаар Монгол дахь Туркийн Элчин сайдын яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэдгээр нь “Мон-Турк”, “Улаанбаатар Эмпати” болон Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж байгаа турк сургуулиуд бөгөөд дээрх сургуулийн төгсөгчдийг хохироохгүй байх тал дээр хоёр орны төлөөлөгчид яриа хэлэлцээ явуулж байгаа аж.
Эдгээр сургуулиудаас олгож буй гэрчилгээг зөвхөн турк улсад хүлээн зөвшөөрөхгүй ба бусад улсад суралцах, ашиглах боломжтойг Туркийн Элчин сайдын яамны ажилтан хэлсэн.
Туркийн босогчид олон улсад сургууль байгуулж, тэдгээрийн төлбөр хураамжаар санхүүждэг гэж Туркийн эрх баригчид үздэг. Тиймдээ ч боловсролын байгууллагаар дамжуулан хууль бус мөнгө олж байна гэх хардлагын улмаас олон улсын сургуулиудад хандсан бодлого явуулж эхэлсэн юм.
М.АХМЕТ ЯЗАЛ:
БИД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ 500 САЯ ДОЛЛАР ХҮРГЭХ ХҮСЭЛТЭЙ
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал өнөөдөр Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг хүлээн авч уулзах үеэрээ мөн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “2016 онд Турк Улсад төрийн эргэлт хийх оролдлого гарсан. Үүнтэй холбогдуулж анх онц байдал зарласан. Төрийн эргэлт хийх оролдлогын цаана Туркийн Зэвсэгт хүчинд үүрлэсэн хэсэг бүлэг хуйвалдаанч хүмүүс байсан. Эдгээр хүмүүс маш олон жилийн хугацаанд өөрсдийгөө олон улсын, хүмүүнлэгийн, энэрэнгүй, сайн дурын хөдөлгөөнтэй холбоотой гэх мэтээр танилцуулж ирсэн байдаг. Тус хөдөлгөөн Турк Улсад 1972 оноос үйл ажиллагаагаа явуулсан. Онц байдал зарлах шийдвэрийг Фетто террирост байгууллагаас болж гаргаагүй. Энэ нь 1982 оны Туркийн Үндсэн хуулинд тусгасан заалт юм. Онц байдал зарласнаар Туркт амьдарч буй гадаадын иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөнд халдах үндэслэл болохгүй. Түүнчлэн онц байдал зарласнаар хоёр улсын харилцаанд болон Монгол Улсаас Турк Улсад зорчиж буй оюутнууд, иргэдэд нөлөөлөхгүй” гэв.
БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ ТУРКИЙН КОМПАНИУД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ
Хоёр улсын харилцаа бүх шатанд өндөр түвшинд хүрсэн ч гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа тухайн түвшинд хүрэхгүй байна. Бидний хүсч буй тоо бол гадаад худалдааны эргэлтийг жилд 300-500 сая ам.долларт барих. Өнгөрсөн жил гадаад худалдааны эргэлт хоёр улсын хооронд 25 сая ам.доллар байсан бол энэ жил 35 сая ам.доллар болсон. Гадаад худалдааны эргэлтэд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл байдаг. Бүгдийг нь шийдвэрлэх бүрэн боломжтой гэж харж байна. Туркийн компаниудын хувьд Монголд хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулах нь ашиггүй буюу зах зээлийн хувьд хангалтгүй гэж үзэх нь бий. Гэвч бодит байдал тийм биш. Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлалын салбар болс Туркийн компаниудын хувьд маш боломжтой зах зээл юм. Монгол Улсад барилга, дэд бүтцийн салбарт Туркийн компаниуд орж ажиллах боломж бий.
“ТУРКИШ ЭЙРЛАЙНС” СУУДЛЫН ТООГ НЬ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ
Туркийн хувьд аливаа улс орнуудтай гадаад худалдаагаа нэмэгдүүлэхийн тулд тухайн улстай “Туркиш эйрлайнс” компани шууд нислэг үйлддэг байх, Дипломат төлөөлөгчийн газар нээсэн байх зэрэгт анхаарал хандуулдаг.
Шууд нислэг үйлдсэнээр Истанбулаас Улаанбаатар хүртэл зургаан цаг нисэх боломжтой. Энэ нь Бишкекийн агаарын тээврийн үйлчилгээ Улаанбаатарт төвлөрнө гэсэн үг. “Туркиш эйрлайнс” компани агаарын тээврийн үйлчилгээ үзүүлснээр Монгол Улсад жилд 50-60 сая ам.долларын орлого оруулна. Тээврийн дэд бүтцэд ахиц гаргахгүйгээр хоёр улсын гадаад худалдааг нэмэгдүүлэх боломжгүй. Бидний баримталж буй бодлого бол “Туркиш эйрлайнс” компани нислэгийн чиглэлээ нэмэгдүүлж, улмаар орлого олох бус, шууд нислэг бий болгосон нь чухал. Энэ хөрсөн дээр хоёр улсын гадаад худалдаа нэмэгдэх, Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулагчид, тэдгээрийн үйл ажиллагааг хялбарчлах үндсэн зорилготой. Гэвч одоогийн байдлаар долоо хоногт 500 суудалд зөвшөөрөл олгож байгаа. Энэ хязгаар нь том онгоц хоёр удаа, жижиг онгоц гурван удаа нисэх хэмжээний суудал юм. Авиа компаниуд долоо хоногт гурваас дээш удаа нислэг үйлдэхгүй бол алдагдалд ордог. Дээр нь жижиг онгоц ниссэн тохиолдолд замдаа буулт хийж, шатахуунаа цэнэглэх шаардлагатай гардаг. Нөгөөтэйгүүр Монгол-Туркийн хооронд шууд нислэг хийхэд 1200 ам.доллар зарцуулдаг учир жуулчид өндөр үнэ төлөх шаардлагатай болдог. Тиймээс өдөр бүр шууд нислэг үйлдэх хүсэлтэй байгаа. Мөн 500 суудлын хязгаарыг нэмэгдүүлж өгөх санал тавьсаар байгаа. Хэрэв тэгвэл тийзний үнэ 25-30 хувиар хямдарна. Ачаа тээврийн нислэг нэмэгдсэнээр Турк Улсаас Монголд орж ирэх бараа бүтээгдэхүүн, Монголоос Туркт импортлох арьс шир, ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүний гарц нэмэгдэнэ. Агаарын тээврийн зардал 20-25 хувь хямд байх болож бүрдэнэ. Түнчлэн Монгол Улсад ирэх гадаадын зорчигчдын тоо жилд 35-40 мянгаар нэмэгдэх хүлээлт байна. “Туркиш эйрлайнс”-аар дамжин өнцөг булан бүрээс жуулчид ирэх боломжтой. Шууд нислэгийн давтамжийг нэмснээр Монгол Улсын эдийн засагт шууд бусаар оруулах орлого 100-150 сая ам.доллараар нэмэгдэх бүрэн боломжтой.