Хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудлаар мэдээлэл хийлээ. Хуульчид хэд хэдэн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаад буй. Тухайлбал:
Хуульч Б.Жавхлан– ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөнийг тогтоолгох тухай
Хуульч О.Алтангэрэл– У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан. УИХ-ын 2017 оны 58 дугаар тогтоол Үндсэн хуульд нийцээгүй гэсэн асуудлаар
Хуульч Д.Миеэгомбо-УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар
Хуульч Р.Мөнхзул-Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байхад үргэлжлүүлэн ажиллаж байгаа асуудлаар цэцэд ханджээ.
Хуульч Д.Миеэгомбо: УИХ-ын гишүүн бол нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралдаанд сууж байж бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Харин хуралдаанд суухгүй байгаа нь ард түмний төр барих эрхийг зөрчөөд зогсохгүй өргөсөн тангарагаа зөрчиж байгаа юм. Энэ үндэслэлээр Б.Наранхүү гишүүнийг Үндсэн хууль зөрчсөнийг нь тогтоолгож, эгүүлэн татуулах асуудлыг ҮХЦ-д хандсан. Энэ асуудлыг ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцан шалгасан. Өнгөрсөн баасан гаригт маргаан үүсгэхээс татгалзсан хариугаа өгсөн. Бид ҮХЦ-ийн бага суудалд хандана.
Бид мөн Б.Наранхүү, Н.Жанцан нар хувийн харилцаатай байж магадгүй гэж, шалгаж байгаа гишүүнийг сольж өгөх хүсэлтийг ҮХЦ-ийн даргад гаргасан. Бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Харин Н.Жанцан утсаар ярьж, биднийг дарамталсан.
Хуульч О.Алтангэрэл: Би У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан асуудлаар ҮХЦ-д хандаад 10 хоног өнгөрч байна. Монгол Улсад Засгийн газар байхгүй. Засгийн газрын 15 сайд УИХ-ын гишүүн. Өөрсдийнхөө хийх ажил, төсвийг 15 сайд УИХ-даа сууж байгаад баталдаг. Ядаж найман сайд нь гаднаас томилогдвол Засгийн газартай гэж үзнэ.
Хуульч Б.Жавхлан: ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн асуудлаар ҮХЦ-д хандсан. Ц.Нямдорж сайд түрээсийн байранд амьдардаг. Байрны эзнийг таньдаг учраас ашиглалтын зардлыг нь төлдөг. Өөрөөр хэлбэл хуульд заагаагүй хангамж эдэлж байгаа асуудлаар ҮХЦ-д хандсан юм.
Хуульч Р.Мөнхзул: Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг хоёрын бүрэн эрхийн хугацаа дуусаад жил гаран болж байна. Н.Жанцангийн хувьд 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл ҮХЦ-ийн гишүүнээр ажиллаж байгаа. УИХ Н.Жанцан, Д.Наранчимэг нарыг эргүүлэн татаж, шинэ хүнээ томилох ёстой. Гэтэл томилохгүй цаг хугацаа хожоод байгаа нь улс төрийн сонирхолтой холбоотой. Бүрэн эрх нь дуусцан хүмүүс ҮХЦ-д сууж, хэрэг маргаан үүсгэхгүй суугаад байна.
ҮХЦ-д гаргасан гомдол ямар гишүүнд хуваарилагдсаныг нууцалдаг болсон аж. Өмнө нь ил байсан асуудлыг дотоод журмандаа өөрчлөлт оруулан, нууцалдаг болжээ.