Мэргэжлийн сүмо бөхөд Асашёрюү Д.Дагвадоржийн хамтаар гарч ирж байсан нэг дэвжээний бөх болох Асасэкирюү Б.Дашнямын үсийг авах ёслол өчигдөр боллоо. 2000 оноос эхэлж мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн сүмочийн хувьд түрүү жилийн 5 сард зодог тайлахаа зарлаад байсан билээ. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдээр үсээ засуулах ёслолоо үйлдэж албан ёсоор зодог тайллаа.
Сэкивака цолонд хүртэл барилдаж байсан Б.Дашням нь өдгөө 36 настай юм. Тэрбээр үсээ ийнхүү засуулсны дараа дэвжээнийхээ багшаар ажиллаж үлдэх юм. Түүний үсийг дэвжээнийх нь багш болон Монголоос төрөн гарсан аваргууд болох Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд тэргүүтэй хүндтэй хүмүүс хөндсөн.
Олон нийтийн дунд Асашёрюү нь очоогүй юм уу гэх асуулт байгаа юм. Гэхдээ сүмогийн дэг жаягийн дагуу яг тухайн цаг үед тухайн бөхтэй болон сүмо бөхтэй холбоотой хүмүүс л энэ ёслолд нь оролцох эрхтэй юм. Тиймээс сүмогийн 98 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж байхгүй байгаа нь уг заншилтай холбоо билээ.
Б.Дашням нь дуур дурьдсанчлан 2007 онд сэкивака цолонд хүрч байсан нь түүний хамгийн оргил амжилт байлаа. Нийт замналынхаа турш 687 барилдаанд ялж, 679 барилдаанд ялагдал хүлээж, 36 барилдааныг гэмтлийн улмаас өнжиж байсан байна. Үүнээсээ гадна жүрё зиндаа болон Жонидан зиндаануудад тус бүр нэг удаа түрүүлж байжээ. Мөн уран барилдааны шагналыг нэг удаа, дайчин барилдааны шагналыг мөн нэг удаа, техниктэй бөхийн шагналыг тус бүр 2 удаа авсан байдаг.