Энэ сарын 9-нд нээлтээ хийх Пёнчан-2018 Олимпийн холбогдолтой мэдээллийг бид та бүхэнд танилцуулж байгаа билээ. Өчигдөр уг наадамд орон орны тамирчид ямар хувцас өмсөхийг хүргэсэн бол өнөөдөр уг наадмын тэмцээн уралдаан зохиогдох цэнгэлдэхүүд болон Олимпийн хотхонд байгуулагдсан байгууламжуудыг сонирхуулж байна. Дашрамд дурдахад Сөүл хотоос уг Олимпийн цогцолбор хотхон руу очиход 3.7 тэрбум долларын өртгөөр бүтсэн хурдны галт тэрэг үйлчлэх аж. Хэрвээ таксигаар явбал 3 цаг гаран явах уг замыг хурдны галт тэрэг 1.5 цагт туулах юм.
Харин цэнгэлдэх цогцолборуудын хувьд хуучин ашиглаж байсан 6 цэнгэлдэх болон төвийг сэргээн засварлаж, зургааг шинээр барьсан бөгөөд нийт 12.9 тэрбумыг уг бүтээн байгуулалтыг барьж байгуулах, Олимпийн наадмыг зохион байгуулахад зарцуулах юм байна.
Алпенсиа цанын харайлтын төв. Энд биатлон, кросс цана, цанын харайлтын тэмцээн уралдаанууд болно. 2008 онд ашиглалтад орсон уг төвийг 1.5 тэрбум доллароор сэргээн засварлаж, шинэчилсэн байна.
Пёнчан Олимпийн цэнгэлдэх. 35000 хүний суудалтай уг цэнгэлдэхийг нээлт, хаалт, Паралимпийн нээлт, хаалт гээд ердөө 4 удаа л ашиглана.
Олимпийн хотхон. Уг хотхон нь төв цэнгэлдэхийнхээ ойролцоо байрлаж байгаа бөгөөд энэ сарын 1-нээс тамирчид, зочид төлөөлөгчдийг хүлээн аваад эхэлсэн. Нийт 15 давхрын өндөртэй 8 барилга байгаа. Үүнээс гадна Каннөнд бас нэг хотхон байрлаж буй бөгөөд мөн үүнээс дутахгүй байгууламж байгаа аж. Хотхонууд бүгд дотроо хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг хангах банк, шуудан, дэлгүүр, фитнесс төв, сүм зэрэг байгууламжтай аж.
Энэ бол харин чарганы төрлийн уралдаанууд явагдах байгууламж юм. Баригдсан нийт өртөг 114.5 сая ам.доллар. 2017 оны сүүлийн улиралд ашиглалтад орсон.
Галт шувуу бааз. Энэ баазад цанын чөлөөт төрлүүд, снөүбоордын төрлийн тэмцээн уралдаанууд зохиогдоно.
Чон Сон төв. Босоо 2900, суугаа 6500 хүний суудалтай уг төвд цанын даунхилл, сүпер-жи зэрэг төрөл явагдана. Энд өмнө нь уг төрлийн ДАШТ-үүд зохиогдож байжээ.
Ёнпён төв. Энд цанын слалом төрлийн тэмцээнүүд болно.
Квандон хоккейн ордон. Энэ Олимпийн үеэр ашиглах хоккейн хоёр ордны нэг. Нийт 6000 хүний суудалтай.
Каннөн кёрлингийн ордон. Уг ордонг 2015, 2016 онд ашиглаж байсан бөгөөд олимпод зориулан шинэчлээд буй нь энэ юм. Дотроо кёрлингийн 4 талбайтай.
Каннөн хоккейн ордон. 2017 онд ашиглалтад орсон цоо шинэхэн хоккейн ордон. 8 талт уг ордон нь нийт 10 000 хүний суудалтай бөгөөд эрэгтэй, эмэгтэй хоккейн тоглолтууд болно.
Каннөн Арина ордон. Уг ордонд тэшүүрийн шорт трак болон уран гулгалтын төрлүүд шилдгүүдээ шалгаруулна.
Каннөн өндөг цэнгэлдэх. 8000 хүний суудалтай уг ордонд тэшүүрийн холын зайн уралдаан болно.