Нийслэлийн Статистикийн газраас энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ. Судалгаагаар махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 550-1000 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарсан байна.
“Хар Хорин” хүнсний захад махны үнэ хамгийн хямд байна
Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5870 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7075 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.4 хувиар буюу 550 төгрөг, үхрийн цул махны үнэ 7.6 хувиар буюу 600 төгрөгөөр өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Хар Хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6200 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 18.3 хувиар буюу 910 төгрөгөөр, хонины цул махны үнэ 18.9 хувиар буюу 1000 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Ажиглалтаар хонины мах “Хар Хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5200 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөгөөр худалдаалж байна.