УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.ЭРДЭНЭБАТ:
66 сая толгой малтай болсон ч мах, түүхий эдийг нь борлуулж, боловсруулж чадахгүй хүндрэл учирч байна. Энэнд төрийн бодлого хэрэгтэй.
Мөн хөдөө аж ахуйн салбарт бодлого алдагдсан нь үе үеийн засгийн газар нэгдсэн бодлогыг зөв хийж чадаагүйтэй холбоотой. Тухайлбал, зах зээлийн багтаамжгүй болонгуут мал, мах, түүхий эдийн ханш нь унаж байна. Үүнд төрийн зохицуулалт хэрэгтэй.
Сэлэнгэ аймаг бол эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс гэж зарласан ч зохицуулалт хийгээгүйгээс замбараагүй юм болсон. Хэзээ эрх зүйн зохицуулалт хийх вэ. Хуулийг нь яаралтай УИХ-д оруулж ирэх боломжтой юу. Экспортыг шийдэхгүй бол мянган мал аж ахуй хөгжүүлэх талаар энд яриад явахгүй. Хөдөө аж ахуйн парк байгуулах асуудал юу болж байна вэ.
Сумдад хоршоо байгуулж, анхны шатны боловсруулалт хийдэг нэгдсэн сүлжээг бий болгох шаардлага байна. Хамтаараа хөдөлмөр эрхлэхгүй бол явахаа болилоо гэдгийг ард түмэн ойлгочихоод байхад төр хөшүүн хуулийн төсөл санаачлахгүй байна?.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.БАТЗОРИГ:
Салбарын бодлогыг УИХ-аас тодорхой батлаад өгчихсөн юм билээ. Бэлчээрийн мал аж ахуй зонхилно. Газар тариалангийн бүс нутаг нь төв газраа бараадсан, 3 сая иргэнээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангасан байна.
Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүс нутгаа зарлая гээд саналаа ирүүлчихсэн. Энэ мэтчлэн аймгууд санаачилга гаргаж байгаа. Удахгүй УИХ-аар оруулна.
3 сая хүнтэй зах зээлд малчид хөрөнгө орлоготой болох хэцүү. Хоёр хөрш рүү гарч байж, хүний далай руу гарна. Тэгж байж малчид, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэнэ. Жилдээ Монгол Улс 9400 тонн ноолуур бэлтгэдэг. Эцсийн бүтээгдэхүүн болгоод дэлхийд гаргавал 740 сая ам. доллар олох боломжтой.
Арьс шир боловсруулах үйлдвэрийн паркийг Эмээлтэд байгуулна. Хотын төвдөө өнөөдөр арьс ширээ боловсруулаад өмхий үнэртүүлээд байж байна. Парк байгуулах хөрөнгө оруулалтыг Сангийн сайдтай ярьж байна. Гадаадын хөнгөлөлттэй зээлээр шийдэх. Болж өгвөл энэ жил эхлүүлэх төлөвлөгөөтэй. Парк нь жилдээ 8 сая арьс шир, 22 мянган тонн ноос ноолуур боловсруулах хүчин чадалтай байна. Мөн үйлдвэрлэлийн паркийг дагуулаад 30 мянган хүнтэй байхаар төлөвлөсөн гэлээ.
ЕРӨНХИЙ САЙД МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын талаар мэдээлэл хийлээ.
2028 он хүртэл баримтлах энэхүү бодлогод бэлчээрийн мал аж ахуй зонхилон эзэлж, тариалан голлосон газарт эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхээр заажээ. Мал аж ахуйг хөгжүүлэхдээ бүтээгдэхүүнийг нь экспортод гаргахад голлон анхаарч байгаа аж.
2017 онд Монгол Улс 66.2 сая толгой малтай болсон нь өмнөх оныхоос 7.6 хувиас өссөн бол экспортын орлого өмнөх оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ардчилсан намын бүлгийг танилцууллаа.
Тэрбээр “Мал аж ахуйн салбарыг богино хугацаанд эрчимжүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлж, орчин үеийн мал аж ахуйн салбар болгон хөгжүүлэх боломжтой гэж үздэг.
Малын тоо толгой өссөн ч өнөөдөр малчид, хөдөө аж ахуйн салбар хямралын хүнд үетэй нүүр тулаад байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлого хэрэгжихгүй байна. Малчдын амьдралд эрсдэлтэй нөхцөл үүсээд байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл эдийн засгийн үзүүлэлт өссөн ч биет хэмжээ буурсан гэдэг мэдээлэл бидэнд ирлээ.
Махны экспорт өмнөх жилийн мөн үеийнхээс буурсан гэдэг мэдээлэл ирж байна.
Ардчилсан нам эрх барьж байхдаа баруун таван аймгаас эхлээд малын гоц халдварт өвчнийг бууруулах араг хэмжээг хэрэгжүүлж байсан. Гэвч өнөөдөр малын гоц халдварт өвчин газар авсан нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ муу байгаагийн илрэл.
Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт отор нүүдлийн зохицуулалт хийгээгүй, малчдад гоц халдварт өвчний талаар ухуулан таниулах ажиллагаа хангалттай хийгдээгүйгээс голомтыг тэлж, хүрээг тэлсэн. Зүүн аймгуудад хадлан тэжээл бэлтгэх үйл ажиллагааг зөвшөөрч зохицуулалтгүй явуулснаас малын гоц халдварт өвчнийг нэмэгдүүлсэн гэж ард иргэд ярьж байна гэлээ.
УИХ: ЦАЛИН ХӨЛСӨНД НОГДУУЛСАН ТАТВАРЫН ШАТЛАЛЫГ БУУРУУЛЛАА
УИХ-ын чуулганы өнөөдөр /2018.02.02/ хуваарийн дагуу эхэлж, хуралдааны эхэнд өнөөдрийн хуралдаанаар батлах хуулийн төслүүдийг танилцууллаа.
Өнөөдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах зэрэг дөрвөн асуудал хэлэлцэх аж.
Хуралдааны эхэнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт, тодруулга аваагүй юм.
Үүний дараа Байнгын хорооны гишүүдийг өөрчилж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга тогтоолын төсөл танилцуулснаар чуулган түр завсарлалаа.
Одоо УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороод хуралдах юм. Үүний дараа чуулганы хуралдаан үргэлжилнэ.