Саудын Араб улсад жил бүр сайхан тэмээ шалгаруулах тэмцээн зохион байгуулагддаг билээ. Уг тэмцээнийг тус улсын анхны эзэн хаан Абдулазиз анх санаачилж байсан түүхтэй.
Энэхүү тэмцээнийг цөлд зохион байгуулдаг байсан ч энэ жил нийслэл Рияд хотноо зохион байгуулсан байна. Хотын өнцөг булан бүрээс 30 мянга гаруй тэмээ тэмцээнд оролцохоор эздийнхээ хамтаар ирсэн аж.
Тэгвэл шүүгчид тэмцээн эхлэхээс өмнө явуулсан шалгалтаар урууландаа ботокс шахуулсан 12 тэмээг тэмцээний журмын дагуу хассан талаар “www.independent.co.uk” сайт мэдээллээ.
Энэ жилийн шагналын мөнгө таван сая ам.доллар хүрсэн учир хүмүүс ямар ч хамаагүй аргаар шагналын мөнгө авахын тулд тэмээндээ гоо сайхны ажилбар хийлгэсэн байна.
Тэмээний гоо сайхны гол үзүүлэлтүүд нь дэлбэгэр чих, том хамар, том уруул байдаг аж. Тэмээнүүдийн эд эрхтнийг зохиомлоор томруулахыг шүүгчид хатуу хориглодог байна.
Тэмцээний ахлах шүүгч Фавзан аль Мади “Тэмээ бол манай улсын бэлэгдэл. Тиймээс энэхүү амьтнаар даажигнах болон гутаан доромжлох хориотой. Мөн ялагч болохын тулд энэхүү сайхан амьтныг эрэмдэг болгохыг зөвшөөрөхгүй” хэмээн хэвлэлийнхэнд хэлжээ.
28 өдөр үргэлжилдэг уг тэмцээний үеэр хамгийн сайхан тэмээнүүд өндөр үнээр зарагддаг байна.