Залуусын дуу хоолой улс төрд дутмаг байгаа. Өнөө л хэдэн үглээ өвгөчүүл гэх яриа ч гарах болсон. Тэгвэл улс төр, нийгмийн идэвхтэй залуусын нэг болох Түмэнбаярын Сайнжаргал гэдэг залууг уншигч та бүхэнтэйгээ танилцуулж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул иргэн Т.Сайнжаргал нь нутаг орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж яваа улс төр дэх шинэ залуу хүн. Өдгөө 30 гаруйхан настай тэрээр өнгөрсөн хугацаанд чамгүй олон ажил амжуулж, нутаг ус, Монголын ирээдүйн сайн сайхны төлөө гэсэн дуу хоолойг илэрхийлж яваа залуу. Түүний улс төрд хөл тавих гараа нь оюутан ахуй цагаас нь улбаатай. Хөдөө нутгийн бор хүү хотод эрдэм мөрийн зам хөөж ирсэн тэр л үед эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр курст байхдаа сургуулийнхаа оюутны зөвлөлийн даргад нэр дэвшин ялсан нь нийтийн төлөөх ажилд өөрийгөө сорих, залуусын дуу хоолойг нийгэмд түгээх цааш алхах урам зоригийг өгсөн аж. Энэ цагаас хойш тухайн үеийн оюутан залуусын дуу хоолойг сургуулийн удирдлага болон төрд хүргэх болжээ. Мөн МОХ болон МАСОХ-нд ажиллан, олон зуун оюутнуудын эрх ашгийн төлөө тэмцэж байсан.
2004 оны парламентын сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшин ялалт байгуулсан Р.Нямсүрэн гуайн орон нутаг дахь бие төлөөлөгчөөр төгсөх курсын оюутан байхаасаа эхлэн ажилласнаар улс төрд хөл тавих гараа нь эхэлсэн байна. Тэрээр намд элсч батлах гардан авч намын ажилд оролцож эхэлжээ. Ер нь, түүнийг улс төрд хөтөлсөн хүн бол тухайн үеийн УИХ-ын гишүүн Р.Нямсүрэн.
Энэ эрхэм хүнтэй ажиллаж, улс төрийн гараагаа эхэлсэн Т.Сайнжаргал 2007 онд болсон тухайн үеийн МАХН-ын XXV их хуралд 21 настай хамгийн залуу төлөөлөгчөөр сонгогдсон төдийгүй, 2008 оны Орон нутгийн сонгуульд төрж өссөн Мандал сумандаа өрсөлдөн 22 насандаа мөн хамгийн залуу ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байдаг. 2012 онд түүний сонгосон МАН хууль тогтоох дээд түвшний сонгуульд ялагдан шоконд орсон үе байсан.
Яг энэ үед шоконд орсон намаа сэрээх зорилгоор залуусын хөдөлгөөнийг өнөөгийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын нөхөдтэйгөө хамтран өрнүүлж эхэлсэн ажээ. Шинэчлэлийн хороо нэртэй намын дэргэдэх байгууллага чамгүй олон шинэчлэлийн ажил эхлүүлж, тодорхой амжилт гаргасан. Үүнд түүний хувь нэмэр чамгүй. Мөн АН-ын засаглал буруу ажиллаж байгааг шүүмжлэн Н.Алтанхуягийг шүүхэд өгч байсан удаатай. Түүний хийсэн үйлдэлд хорссон Н.Алтанхуяг сөрөг гомдол гарган, бүр ямар зүйлчлэлээр шийтгэхийг хүртэл хуулийнханд зааж байсан гэдэг. Гэхдээ эцсийн дүндээ асуудал замхарч хэрэгсэхгүйд хүрсэн байна. Гэх мэтчилэн оюутны ширээний араас залуусын дуу хоолойг илэрхийлж байсан залуу өдгөө улс төрийн тэмцэгч болон явна. Нам дотроо ч тэр шударга үнэний төлөө, иргэдийн эрх ашгийн төлөө чангахан дуугарчихдаг шаггүй залуу гэгддэг юм билээ.
Мэдээж хэрэг түүнийг улс төрд хөтөлсөн Р.Нямсүрэн гуай түүнд иргэдийн эрх ашгийг хамгаалах, бохир зүйлд хутгалдахгүй байхыг зааж сургасан биз ээ. Улс төрд шинэхэн залуу өнөөдөр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, нутаг усаа хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан явна.